16 улирал, аваргын гурван цом, финалын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал, NBA-г үүрд өөрчилсөн “Их гурвал”-ыг үүсгэсний эцэст Дуэйн Уэйд спортоо орхилоо. Сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д залрах нь тодорхой нэрт тоглогч тэрбээр тамирчны замнал, гэр бүл болон бусад сэдвээр ийн ярьжээ.
-Өөрийн хүсэл, нөхцөлийн дагуу зодог тайлах гэдэг нь таны бодлоор ямар утга учиртай зүйл вэ?
-Би даруухан хүн, тийм болоод ч тэр үү, үдэлтийн аялал хийж, хүмүүс намайг спортоо орхиж байгааг онцгойлон тэмдэглэх нь үнэн хэрэгтээ тийм ч сайхан санагдаагүй. Гэвч багийн андууд, найз нөхөдтэйгөө хамт сууж, энэ талаар сайтар ярилцсаны эцэст хөгжөөн дэмжигчид минь надтай салах ёс хийхийг хүсэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэдий сүүлчийн нэг улирал тамын гэмээр байсан ч би тэдэнд маш их талархаж байна.
-Үдэлтийн улирлаас танд хамгийн үнэ цэнтэй нь юу байв?
-Ямар нэг дарамт надад огт ирээгүй нь. Ер нь би өөртөө их хатуу ханддаг хүн. Ингэж тоглоно гэсэн хүлээлт, стандарт надад байдаг. Хэрэв тэр түвшиндээ хүртэл тоглож чадаагүй бол их стресстэж, цочирддог юм. Харин сүүлчийн улиралдаа би тайван тоглож, 22 оноо, хоёр оноо авахаас үл хамааран санаа зоволгүй талбайгаас гарч байлаа. Амьдралдаа анх удаа үр дүнгийн төлөө улайран зүтгэхгүйгээр өөрийн тоглолтоо үнэлж, болж буй үйл явдлыг мэдэрч тоглох боломжтой байлаа.
-Гуч гаруй насандаа тэтгэвэрт гарч буй амаргүй нөхцөл байдалтай та хэрхэн эвлэрч, даван туулах бол?
-Би зөвхөн сагсан бөмбөгөө орхиж байгаа. Спортоос гадна хийх ажил надад их бий. Би дөнгөж 37 настай, залуу хэвээрээ байна. Амжилтад хүрсэн ихэнх бизнесмэн 40 орчим насандаа амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг. Өдий насандаа л тэд компанийн захирал болдог. Дөчтэй хүн бол залуу хүн. Тиймээс намайг хүлээж буй шинэ сорилтуудтай учрахыг би тэсэн ядан хүлээж байна.
Нэрийн хуудас
1982 оны нэгдүгээр сарын 17-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. 2003 оны драфтаар Маркуэттийн их сургуулиас сонгогдож, NBA-ийн “Майами хит” багт очиж байв. Түүнээс хойш 2016-2017 онд “Чикаго”, 2017-2018 онд “Кливлэнд” багт хүчин зүтгэж байгаад өнгөрсөн улиралд “Майами” багт тоглон зодог тайлсан.
NBA-ийн гурван удаагийн (2006, 2012, 2013) аварга. Финалын MVP (2006). “Бүх оддын тоглолтод” 13 удаа оролцсон. 2009 оны улирлын онооны аварга. Олимпын наадмын алт (2008), хүрэл (2004) болон ДАШТ-ий хүрэл (2006) медальтай.
-Яагаад та охиноо төрөхөд амрахаар шийдсэн юм бэ? (Охин Каавия нь арваннэгдүгээр сард төрөхөд Д.Уэйд 14 хоногийн амралт авсан)
-Би хэзээд хүссэн зүйлээ хийх болно. Тэгээд ч амралт авахад гайхаад байх зүйл үгүй шүү дээ. Мэдээж би сагсан бөмбөгч учраас бүтэн сар төдийгүй зургаан долоо хоногийн амралт авч болохгүй. Гэхдээ ямар ч байсан охинтойгоо хоёр долоо хоног хамт байх эрхтэй гэж бодсон.
-Тамирчны замналаа эргэн дурсахад өөрчилмөөр үйлдэл, эсвэл шийдвэр байдаг уу?
-Энэ асуултад хариулахад амаргүй. Залуу байхдаа биеийнхээ тухай илүү их мэддэг байсан бол гэж заримдаа боддог. Намайг их олон сайн хүн хүрээлж байсан, гэхдээ би өөрөө тодорхой мэдлэггүй бол тэдний хэлсэн болгон надад утгагүй, хов жив шиг санагдах болно. Тиймээс илүү олон жил тоглохын тулд бие организмд минь юу хэрэгтэйг цаг тухай бүрт нь мэддэг байхыг л би хүсэх байсан даа.
-Хэрэв таныг NBA-ийн түүхэнд М.Жордан, К.Брайантын дараа орох довтлох чиглэлийн хамгаалагч гэж нэрлэвэл та юу гэж хариулах вэ?
-Үгүй ээ, үгүй, үгүй. Хэн нэгэн намайг түүхэн дэх хамгийн агуу довтлох чиглэлийн хамгаалагч болох Жордан, Брайант, Айверсон, Жерри Уэст, Клайд Дрэкслер, Рэй Аллентэй зэрэгцүүлэх гэвэл би хариуд нь “Та үнэхээр миний тухай ярьж байна уу, Чикаго хотын нусгай бандийн тухай юу?” гэж асуух байлаа.
-Та зодог тайлаад юуг хамгийн их санах вэ?
-Найзуудаа. Хамтдаа инээж, хошигнож байсан өдрүүддээ би хайртай. Эсэн бусын сэдвээр марзаганаж байснаа. Энэ бүхнийг л би хамгаас их санана даа. Хувцас солих өрөөний яриа, автобус эсвэл онгоцоор аялаж байсан үе, олимпын шигшээ багийнхантай хамт байсан үе, Кармэло, Кристэй (К.Пол) цуг Хятадад очсон, Лебронтой хамт бүгдээрээ автобусны арын суудалд хошигнож байсан үе. Эргүүлж авчрах боломжгүй нөхөрлөл, андын сэтгэлээ л хамгийн их санах болов уу.
-Сагсан бөмбөгийн алдрын танхимд багтахыг хүсэж буй залуу тоглогчдод та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хэцүү асуулт байна. Миний бодлоор хамгийн гол нь залуу тоглогчид маш сайн суурьтай, өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Чамайг хүрээлж буй утаан хөшгөн дунд өөрийгөө алдаж болохгүй. Би хэн бэ, би хэн болохыг хүсэж байна вэ гэдгээ тань, тийм хүн болохыг хичээ. Энэ явцын дунд өөртөө үнэнч байгаарай.
Н.Энхбаяр