Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс өгсөн саналын хувь /бүлгээр/
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан асуудлууд /бүлгээр/ | Дэмжсэн саналын дундаж хувь |
I.2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд | 83% |
II.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах | 83% |
III.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт | 82% |
IV.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт | 83% |
V.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт | 78% |