Өчигдөр буюу пүрэв гарагт /2019.07.18/ Киото хотод Японы алдартай “Kyoto Animation” анимэ студийг галдан шатаасан хэрэг гарчээ. Үл таних эрэгтэй уг студийн байранд орж ирэн, “Үхэцгээ” гэж хашхираад шатамхай шингэн цацаж, гал тавьжээ. Гэрчүүдийн мэдээлснээр эхлээд дэлбэрэлт болж, дараа нь гал маш хурдтайгаар тархсан аж. Уг үйлдлийн улмаас 33 хүн амиа алдаж, 35 хүн гүн түлэгдэл авч эмнэлэгт хүргэгдсэн аж. Гал гарах үед студийн байранд 70 гаруй хүн байжээ. Гэмт этгээд өөрөө түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Зарим гэрчүүдийнх ярьж буйгаар бол гэмт этгээд галд автсан байшингаас гүйж гараад ойролцоох автобусны буудалд дээр очоод газар унажээ. Түүний үсэн нь түлэгдэж, бие нь цус болсон байсан гэнэ. “Kyoto Animation” компанийн захирал Хидэаки Хатта телевизийн NHK сувагт өгсөн ярилцлагадаа хэд хоногийн өмнөөс тус студид цахим шуудангаа “ална, тална” гэж заналхийлсэн захидал ирэх болсон тухай ярьжээ. Гэмт этгээд хэргээ хүлээсэн бөгөөд мөрдөн байцаагчдийн асуултад "Хулгайг үзэн яддаг" гэж ганцхан хариулт өгсөн байна. Тэрээр энэ халдлагыг урьдчилан төлөлвлөсөн нь тодорхой болжээ.