Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.
Тэрбээр, миний бие энэ удаад Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих гэсэн юм гээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг би Улсын Их Хуралд санал болгосон билээ. Тухайн үеийн Улсын Их Хурлын дарга уг саналыг Улсын их Хурлаар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн.
Гэвч хагас жил орчим хугацаа өнгөрөхөд Улсын Их Хурлын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна гэлээ.
Улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн Улсын Их Хурлыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг тэрбээр гишүүдэд дахин уриалаад Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй гэлээ.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хууль тогтоомжийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хурааж эхэлсэн юм. Үндсэн чиглэлийн төслийг бүх Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Эдийн засгийн байнгын хороо нэгтгэн хуралдаанаараа хэлэлцээд зарчмын зөрүүтэй 23 саналыг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж санал хураалгахад ихэнх санал олонхын дэмжлэг авсангүй.
Харин тогтоолын төслийн хавсралтын 8 дугаар зүйлийн 8 дахь заалтыг “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх. Шалгуур үзүүлэлт:Ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн тоо, 2020 онд хүрэх түвшин, үр дүн:12 000, 2020 онд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр: 230.0 тэрбум төгрөг, Улсын төсөв, Хариуцах байгууллага:Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам” гэж өөрчлөх, мөн тогтоолын төслийн хавсралтын 8 дугаар зорилтод “Нийслэл, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил“, Шалгуур үзүүлэлт:Шугам сүлжээний урт/км, 2020 онд хүрэх түвшин, үр дүн:100.0, 2020 онд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр:85.0 тэрбум төгрөг, Улсын төсөв, Хариуцах байгууллага:Барилга, хот байгуулалтын яам” гэж нэмэхээр Ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүд дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн хавсралтын 3 дугаар зорилтын 3.4 дэх заалтад “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээ”, Шалгуур үзүүлэлт:Тэмцсэн талбайн хэмжээ, сая га, 2020 онд хүрэх түвшин, үр дүн:1 сая га, 2020 онд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр:5.0 тэрбум төгрөг, Хариуцах байгууллага:ХХААХҮЯ” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тогтоолын төслийн 15 дугаар зорилтод “Эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах“ гэсэн зорилт, арга хэмжээг нэмэх санал гаргасан нь дэмжигдэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг нар тогтоолын төслийн хавсралтын 8 дугаар зорилтын 8 дахь заалтын “Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх” гэсний дараа “гэр хороололд амины орон сууц барихад урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгох” гэж нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Гэвч зарчмын зөрүүтэй зарим санал дэмжигдээгүй тул Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үедээ энэ асуудалд анхаарах чиглэлийг хуралдаан даргалагч өгөв. Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудлаар чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаан хүртэл завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авсан юм. Иймээс “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр болов.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хуний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж, зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн байна.
Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж Засгийн газар тооцсон байна.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.
Байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн талаар хуралдаанд оролцсон гишүүдээс санал гаргаагүй аж. Харин “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолын хавсралтыг Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн шаардлагад нийцүүлэх үүднээс хавсралтын “Агуулга" хэсгийг хасаж, “Өмнөтгөл* хэсгийн нэрийг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг” гэж өөрчлөх, мөн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжин хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.