УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн ордны нэг давхарт амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсны хэрэгт гүнээ харамсаж байна. Өчигдөр ар гэрийнхэнтэй нь холбогдож зөвшөөрөл авсан учраас мэдээлэл хийж байна. Миний өрөөний номер 111 буюу хэрэг учрал болсон газрын яг наана байрладаг. Тухайн өдөр УИХ-ын чуулган 18.00 цагт тарсны дараа уулзах ёстой хүмүүстэйгээ уулзчихаад ажлын өрөөнөөсөө гараад явж байтал нэг хүн газар хэвтэж байсан. Би өөрөө хуульч хүн, 20 гаруй жил эрүүгийн хавцас хэрэгтэй танилцаж явсан учир авах ёстой шийдвэрүүдийг авсан. Ингээд ТЕГ-т эхэлж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн ордон төрийн тусгай хамгаалалттай газар учир ТЕГ-ын харъяанд байдаг юм. Үүний дараа эмнэлгийн 103 ирж нас барсан гэдгийг баталсны дараа нөхцөл байдлыг баримтжуулсан. Фото зургийг нь аваад цагдаагийн байгууллагад өгсөн.
-Ямар нэгэн дуу чимээ сонсогдсон уу?
-Би дахин хэлье. Манай өрөөнд дуу чимээ сонсогдох боломжгүй. Яагаад гэвэл манай өрөө хоёр давхар өрөө, дээрээс нь давхар хаалгатай. Харин мөрдөн байцаалтын ажилд саад учруулах тул анх харсан цаг минутаа хэлэх боломжгүй. Шалгадаг байгууллага нь шалгах ёстой.
-Толгойдоо их хэмжээний гэмтэл авсан байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Би шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Тэгэж ч бодоогүй. Талийгаач тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, үгүй юу гэдгийг би бас мэдэхгүй. Ямартаа ч унасан хүний толгой нь орчим нэлэнхийдээ цус болсон бөгөөд хамар амнаас нь тодорхой хэмжээний цус гарсан байсан.