Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.
Ч.УЛААН: МАХ ЭКСПОРТЛОХ КВОТЫГ ЖИЛ БҮР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ТОГТООНО
Хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой барих асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв. Тэрбээр “Үндсэн дөрвөн нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэлээд нухацтай авч хэлэлцлээ. Махны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг бид шалгаж, дүгнэлт хийж байгаа. Засгийн газраас зохицуулалт хийх тодорхой шийдвэрүүд гаргалаа. Шинэ махтай “золгох” хүртэл хангамжийг нь тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байгаа. Нөөцийн махыг 127 цэгт, зах зээлийн үнээс 40 хүртэл хувиар хямдаар худалдаж байна.
Зах зээл рүү орж ирэх махны нийлүүлэлтэд нөлөөлж байсан хэд хэдэн хүчин зүйлийг судалж, тогтоосон. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ “Хүчит шонхор” захаас бэлдэж, нийслэлийн иргэдийн хэрэгцээний махыг үйлдвэрлэлийн зориулалтаар бөөндөн авч буй нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлсөн нь тогтоогдсон. Үүнийг таслан зогсооно. Жилд хэдий хэмжээний мах экспортлох квотыг Засгийн газрын хуралдаанаар тогтоох журамд шилжинэ. Ямар ч аргаар мах бэлтгэж, экспортод гаргасан бай тухайн компани тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээнэ. Мөн гурил, хүнсний ногооны үнийг Засгийн газраас зохицуулна” гэлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ШАЛГАСАН ДҮГНЭЛТИЙГ АТГ-Т ШИЛЖҮҮЛЛЭЭ
Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилсон. Уг ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Уг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкийг хэрхэн ажиллуулах талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэв.
Засгийн газраас томилсон ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан, эсэх, “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлт, төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан, эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгажээ. Шалгалтаар зорилтот бус зээлдэгчдэд зориулалтын бусаар их хэмжээний зээл олгосон, цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наядыг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна.
(Өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа, ноцтой зөрчилтэй зээлэгчдийн мэдээллийг хүснэгтээс харна уу.)
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг дурдвал, арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон, зээлийн бүтцийг өөрчилж (найман удаа бүтцийг нь өөрчилсөн зээл ч байсан), гэрээний хугацааг олон удаа сунгасан, гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн, ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан, 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн хэмээн дүгнэжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэж шалгалтын дүгнэлтэд дурдсан байна.
Хөгжлийн банкийг шалгах үеэр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй аж ахуйн нэгж, иргэнд холбогдох материалыг АТГ болон хууль, хяналтын байгууллагууд руу шилжүүлж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Мөн “Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн бөгөөд шилжилтийн үед гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн саналыг Г.Амартүвшинд тавьсан. Шилжилтийн үеийг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж тооцож байгаа. Үүнээс цааш гадаадын менежментийн багаар удирдуулах нь зүйтэй юм гээд АХБ, Дэлхийн банктай ярилцаж байгаа” гэв.
Ч.ХҮРЭЛБААТАР: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016-2019 оны санхүүгийн бичиг баримтад хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Уг шалгалтаар 20 төрлийн 39 зөрчил илэрчээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд гаруй төгрөгийн зөрчил тогтоогдсон байна. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар хоёрхон аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр”-ээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай бөгөөд өндөр дүнтэй гэрээ хийсэн нь шалгалтаар илэрчээ. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил хамгийн их илэрсэн, тэр дундаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент шохой” компаниас өндөр дүнтэй худалдан авалт шууд хийсэн хэмээн шалгалтын дүгнэлтэд дурдсан байна. Дээрх зөрчил дутагдлууд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх удирдлагын үед үүсжээ.
ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, ДУТАГДЛУУД
- Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
- Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг. Зарим зээлийг найман удаа бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгасан.
- Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсөн.
- Хөгжлийн банкны одоогийн байрыг Худалдаа хөгжлийн банкнаас хэт өндөр үнээр худалдан авсан.
- 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.
- Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд
- Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй.
Бэлтгэсэн: А.Амина