Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 07-ны өдөр Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тосгоны удирдлага хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эрүүл мэндийн төв тосгоны 856 хүн, 250-иад өрх, отор нүүдлийн 1000 гаруй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.