Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсныг Сангийн сайд мэдээлэв. Тэрбээр "Шалгалтаар нийт 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Зөрчлийг нэг бүрчлэн гаргасан. Заримаас нь танилцуулъя.
- 2016 оны долдугаар сард компанийн бүтцийн шийдвэр гарсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзсэн. Учир нь Ерөнхий захирал нь нийгмийн асуудлыг, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийг, хууль эрх зүйн газрын дарга нь үндсэндээ үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцсан байхаар бүтцээ өөрчилсөн байсан. Энэ нь үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
- Аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ олон хүн гарын үсэг зурах ёстой болгосон байгаа нь хяналт тавих боломжгүй болгож байгаа юм.
- Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойны үйлдвэрүүдтэй гэрээ хийж 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг олгосон байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар нэг дурдсагдсан хоёр компаниас 16.4 тэрбумын авлагатай байгаа. Энэ нь цөөн тооны аж ахуйн нэгжүүдтэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хийгээд урьдчилгааг олгожээ.
- Үүнээс гадна 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 1.2 тонн зэсийн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн” компанид зарах гэрээг хийсэн байна. Мөн тус компани руу ногдол ашиг гэх 55.8 сая долларын гүйлгээ хоёр удаагийн гүйлгээгээр хийжээ. Ингэхдээ татвар төлөөгүй гэхмэтчилэн зөрчлүүд илэрсэн. Иймд шалгалтын дүнг АТГ болоод хуулийн байгууллагуудад өгнө" гэлээ.
Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр буюу 64.9 тэрбум төгрөгөөр эмнэлэг байгуулсны дараа "Эдифакс" гэх хувийн компани руу шилжүүлсэн. Энэ нь хууль бус үйлдэл. Үүнээс гадна үйлдвэрийн зэс цэвэршүүлэх зардал дунджаас өндөр байна гэж үзэж байна.
Ингээд нийт зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрч, акт тавигдсан. Мөн 1.4 тэрбум төгрөгийн гаалийн татварын зөрчил илэрч мөн акт тавигдсан.
- Мөн гаргаж буй эрдэс, зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лаборатороор тогтоолгодоггүй, хувийн компанитай гэрээ хийж, түүн дээрээ үндэслэж татвараа төлдөг байжээ.
- Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дөрвөн зөрчил гарсан бөгөөд аудитын дүгнэлтийг хэрэгжүүлээгүй байна.
- 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 2016-2018 онд өгсөн байсан. Үүнийг эргүүлэн төлөх ёстой.
- Худалдан авалтын 2336 гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан байна. Ямар ч тeндeр шалгаруулалт зарлахгүйгээр eрөнхий захирлын тушаалаар худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил. Захирал нь хуулиас давсан худалдан авалтын журам гаргаж худалдан авалт явуулж байжээ.
Гаргасан зөрчлүүдийг нь арилгах үүрэг өгч, тодорхой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн гэв.
Үүнээс гадна худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав. Шалгалтын хэсэг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.