Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь тус хэлэлцүүлгийг энэ сарын 27 хүртэл хойшлуулах талаар Ерөнхийлөгч хүсэлт тавьсан юм байна. Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ. Төсвийн алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай талаар тэд дурдаад, 2020 онд ДНБ-д эзлэх хэмжээг гурван хувь хүртэл бууруулах боломж бий, эсэхийг тодруулсан. Мөн Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсэхээр тооцсоныг асуув. Зээлийн хүүг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, эсэхийг ч лавлаж байлаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар алдагдлыг тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцжээ. Үүнийг бууруулахад тодорхой эрсдэл үүсэх магадлалтай тул ингэж тооцсоноо Сангийн сайд тайлбарласан. Тэрбээр “Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сан өртэй байсан. 2019 оноос Ирээдүйн өв сан өргүй болж эхэлнэ. Иймээс уг санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцож байгаа. Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэгийг та бүхэн мэдэж байгаа болов уу. 2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр багассан. Татварын багц хуулийг шинэчилснээр гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулсан. Энэ нь зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Мөн гадаадын банк үйл ажиллагаа явуулахтай холбоотой хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Үүнийг баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэв. Төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаар асуулт тавьж, санал гаргах гишүүн байсангүй.
Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат энэ талаар танилцуулав. Тэрбээр Төрийн аудитын тухай хуулийн 13.11, 14.4-ийн дагуу төрийн аудитын байгууллагын дарга, ажилтнуудын цалингийн хэмжээг УИХ тогтоох ёстой ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйг дурдсан юм. Өнгөрсөн хугацаанд тэднийхийг Төрийн албаны тухай хуулийн 10.1.2-т заасан захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг баримтлан тогтоож ирсэн аж. Түүнээс гадна энэ онд баталсан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагдаж, Улсын ерөнхий прокурорынхтой дүйх болсон байна. Ингэхдээ Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 2016 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээг 15 хувиар бууруулж, төрийн аудитын байгууллагын албан хаагчдын суурь цалинг тооцсон гэнэ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд дээрх төслийг олонх нь дэмжсэн юм.