-Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэж буруутгажээ-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан прокурорт хүргүүлсэн талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах тогтоол баталснаас гадна тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэнэ. АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг өмнө нь яллагдагчаар татаад байсан бөгөөд тэдэн дээр нэмж 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн, салбарын сайдыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Д.Эрдэнэбатын хувьд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдоод буй юм билээ. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнуудыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хэрэгт яллагдагчаар АТГ-ынхан тооцсон бол бусад гол зохион байгуулагчтай хамт өөр гурван хүнийг мөн яллагдагчаар татан цагдан хорих хүсэлтээ ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийг О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих санал гаргасан байна. Гэвч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Х.Идэрээс татгалзсан байна. Тиймээс шүүгч уг асуудлыг ерөнхий шүүгчдээ танилцуулан хэлэлцүүлэх буюу өнөөдөр шийдвэрлэх хүртэл түр хойшлуулжээ.