Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Жоко Видодо ялалт байгуулж хоёр дахь удаагаа тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус улсын Сонгуулийн ерөнхий комиссын мэдэгдлээр Жоко Видодо сонгогчдын 55,5 % хувийн саналыг авч харин түүний цорын ганц өрсөлдөгч сөрөгч хүчнээс нэр дэвшсэн Прабово Субианто 44,5 % саналыг тус тус авчээ. Сонгуулийн дүнг зарлахаас өмнө нэр дэвшигч Субианто хараат бус бие даасан шалгалт явуулахыг шаарджээ. Түүний багийн дүгнэлтээр бол сонгуулийн үйл явцын янз бүрийн зөрчил хамгийн багадаа 73 мянган хэсэгт ажиглагдахаас гадна 6,7 мянган сонгох эрхтэй хүмүүс сонгуульд оролцох урилгаа аваагүй ажээ. Бүх нийтийн сонгууль тус улсад өнгөрсөн 4-р сарын 17-нд болж өнгөрсөн юм. Энэ удаагийн Индонезийн сонгууль хамгийн төвөгтэй сонгууль байсан бөгөөд ерөнхийлөгчийн, парламентын хоёр танхимын гишүүдийн, орон нутгийн сонгууль зэрэг явагдсан юм. Хэд хэдэн төвшний эл сонгуульд нийт 245 мянган нэр дэвшигч үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллагын 20 мянган суудлын төлөө тэмцсэн билээ. Улс даяар 810 мянган сонгуулийн хороонд 6 сая хүн ажилласан бөгөөд саналаа өгөх боломжтой 193 сая хүний 80% хувь нь сонгуульдаа оролцжээ.