Өнөөдөр Дээд Радагийн танхимд Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тангараг өргөх ёслол боллоо. Зеленский Марийнскийн цэцэрлэгт хүрээлэнд дэмжигч нартайгаа уулзсаны дараа Дээд Рад руу явган иржээ. Ёслол Украины төрийн дууллаар эхэлж дараа нь шинэ Ерөнхийлөгч 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан байна. Тангараг өргөх ёслолд гадаадын 60 гаруй төлөөлөгчид ирсэн бөгөөд Дээд Радын спикер Андрей Парубий Латви, Литва, Эстони, Гүрж болон Унгарын Ерөнхийлөгч нар, мөн Туркийн дэд Ерөнхийлөгч, Молдав, Азербайжан улсын Ерөнхий сайд нар, АНУ-ын Эрчим хүчний сайд болон Төрийн департаментын Украиныг хариуцсан тусгай төлөөлөгч, Канадын Батлан хамгаалахын сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал, аюулгүй байдлын бодлого хариуцсан туслах нарыг танилцуулсан байна. Мөн Украин улсын үе үеийн Ерөнхийлөгчид хүрэлцэн иржээ. ОХУ тангараг өргөх ёслолын урилгыг хүлээж авахаас татаглзсан байна. Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Володимир Зеленський нь өнгөрсөн сарын 21-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн шатны хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авсан юм.