УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүгийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний нэр холбогдсон хоёр асуудал олон нийт болоод хэвлэлийнхний анхааралд байх шиг байна. Юуны өмнө талийгаач Г.Батхүүд тохиолдсон золгүй явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ын харамсал бус, монголын ард иргэдийн хувьд хүнд золгүй явдал тохиолоо. Энэ сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй Төрийн ордон дотор алхаад явж байсан. Өмнөх парламентад бид хамт ажиллаж байсан. Тэгээд талийгаач надаас “Дүүгийн өрөө аль билээ” гэж асуугаад миний өрөөнд 10-15 минут саатаад гараад явсан. Иймд талийгаачтай хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд эрэл сурал болоод байх шаардлагагүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхээр хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг бол яах аргагүй би юм. Тэгээд талийгаачийг миний өрөөнөөс гарсны дараа 19 цаг 18 минутад миний бие бүлгийн хурал руу орсон. Бүлгийн хурлын танхимд ороод картаа хийхэд автоматаар бүртгэгдэж байдаг. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн” гэв.
-Таныг тэр өдөр халамцуу явж байсан гэсэн. Энэ үнэн үү?
БНХАУ руу айлчлалаар явсан гишүүд өдрийн хоол хамт идсэн. Ши Жиньпин даргын бэлэг гэж 0.5 литрийн "юм" задалсан. Тэрнээс биш халамцуу явсан юм байхгүй.
-Талийгаач “Авто Ралли” уралдааны талаар ярьсан уу?
-Хурлын талаар огт юм яриагүй. Ямартай ч “Торгоны зам” уралдаан долдугаар сард болно гэж ярьж байсан. Тэрийг ч би мэднэ. Ер нь ордны гурван давхарт байдаг З.Энхболд даргын өрөөнд хуралдсан юм шиг байгаа юм.
Талийгаач миний өрөөнөөс ганцаараа гарсан. Араас нь хэн нэгэн хүн орж ирээгүй. Уулзалт 10-15 минут орчмын хугацаанд л болоод өнгөрсөн. Гарахдаа “Ах нь яараад байна. Гадаа хүн хүлээж байгаа. Зургадугаар сарын 14-ний хурлаас чинь өмнө утсаар ярья" гээд яаруу гарсан" гэлээ.