Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Цэцэд хандсан. Тэгвэл Цэц уг мэдээллийн дагуу өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэжээ. Гэхдээ Д.Ганхуягаас гадна хоёр иргэн хамтдаа, мөн нэг иргэн дээрхтэй агуулга нэг мэдээлэл гаргасан юм байна.
Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх агуулга бүхий гурван мэдээлэл Цэцэд ирснийг ийн шийдвэрлэх гэж буй аж. Цэц маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Магадгүй маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болдог.
Гэвч Цэц ойрын үед хуралдаан товлох болов уу гэх үндэслэл бас бий. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль товлоод байсан ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлуулсан. Үүнийг эрх баригчдын захиалгат шийдвэр гэж харддаг бөгөөд энэ удаа Цэцэд үүсгэсэн маргааныг ч Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулж, хийлгэхгүй байх зорилготой байж болзошгүй гэж үзэх хүн цөөнгүй бий.