Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан Оюутолгойн болон Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойгоос нүүрс алга болсон, Хөгжлийн банк, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авсан, тус үйлдвэрийн 49 хувийн хөрөнгө оруулалт, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх зэрэг хэргийг хянаад мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах чиглэл цагдаа, АТГ, тагнуулын ажлын хэсгийнхэнд өгчээ.
Тэдний дунд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах АТГ-ынхны санал үндэслэлтэй гэж үзсэн гэнэ. Уг хэргийг шалгаж буй АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад буй бөгөөд 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцох саналаа НПГ-т хүргүүлсэн байна. Нэлээд олон баримтад тулгуурлан түүнийг хариуцлагад татахаар болсон аж.
Тухайлбал, ОХУ-ын “Ростех”-ийн ерөнхий захирал С.В.Чемезовт Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн захидалдаа “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад татгалзах зүйлгүй” хэмээн бичиж, УИХ-ын эрх мэдэлд халдан эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй гэж үзэж буй юм билээ.