Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягтшилтай түүхий эд. Хэдийчинээ нарийн ширхэгтэй байна, төдийчинээ зөөлөн байдаг. Хөнгөн, дулаан учраас үүгээр тансаг зэрэглэлийн хувцас, хэрэглэл хийдэг. Монгол Улс дэлхийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлд гол тоглогчдынх нь нэг болох бүрэн боломжтой. Учир нь хамгийн чанартай түүхий эдийг нь монголчууд “үйлдвэрлэдэг”. Манай улс өнгөрсөн жил 27 сая толгой ямаа тоолуулсан. Ямаанаасаа нийт 9500 тонн ноолуур самнажээ. Энэ нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 48 хувийг эзэлж буй. Түүхий эдийнх нь тэн хагас нь бидний гарт байгаа нь том тоглогч болох хөшүүрэг юм. Манай улс 2014 оны үед 7000 тонн ноолуур бэлтгэж байлаа. Тухайн үед ямааны тоо толгой 22 сая толгой байсан юм. Тэгвэл таван саяар нэмэгдсэнээр 10 орчим мянган тонн ноолуур бэлтгэдэг болжээ. Ноолуур үнэд орж, ашиг шим нь өндөр болсон учраас малчид ямаа үржүүлэх сонирхолтой болсон. Тиймээс ч ямааны тоо толгой өсөх хандлагатай байгаа билээ. Тэгэхээр ноолуур бэлтгэх хэмжээ цаашдаа ч өснө гэсэн үг.
Гэвч манай улс бэлтгэсэн ноолуурынхаа багахан хэсгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жилд бэлтгэж буй ноос, ноолуурынхаа 10 гаруй хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн мэдээлэл өгөв. Үлдсэн 80 гаруй хувийг нь хагас боловсруулаад, экспортолдог. Өөрөөр хэлбэл, угааж, самнаад өмнөд хөрш рүү экспортолдог юм. Харин өмнөд хөрш манай бэлтгэсэн түүхий эдээр утас ээрээд, Итали, Япон гэх мэт ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд руу экспортолно. Эсвэл өөрсдөө эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Торго, ноос гэх мэт олон зүйлтэй хольж, даавуу үйлдвэрлэх нь бий.
Манай улсад уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн өрсөлдөх чадвартай хоёр салбар бий. Хөдөө аж ахуйн салбараас ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хамгийн сайн өрсөлдөх чадвартай гэж дотоод, гадаадын шинжээчид тооцдог. Тиймээс ноолуураа бүрэн боловсруулах, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дорвитой арга хэмжээ авна гэж төрийн түшээд олон жил ярьсан. Тэгвэл өнгөрсөн оноос “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад төр дэмжлэг үзүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөр 2021 он хүртэл дөрвөн жил хэрэгжинэ. Хөтөлбөрийн зорилт нь бэлтгэсэн түүхий эдийнхээ 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тодруулбал, жилд 5000 тонн ноолуураар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэснэ үг. Одоо манай улс 1000 орчим тонн ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн өнөөгийн хүчин чадлыг 4-5 дахин нэмэх том зорилт тавьжээ.
Манай улс жилд 9100 тонн ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэрүүдтэй. Тэгвэл 4350 тонн ноолуур самнах, 1680-ыг нь ээрэх хүчин чадалтай үйлдвэрүүд бий. 2017 оны байдлаар угаах үйлдвэрийн ашиглалт 7400, самнахынх 1440, ээрмэлийнх 680 тонн байгаа аж. Зорилтоо биелүүлэхийн тулд үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэх нь чухал. Гэвч үүнд ноолуур угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал бараг хүрэлцэнэ. Харин ээрэх, сүлжих, нэхэх хүчин чадал дутагдалтай байгаа юм. Ноолуурын салбарт ажилладаг мэргэжилтнүүд “Ноолуураа ээрч, сайн чанарын утас болгох нь хамгаас чухал. Энэ чиглэлд илүүтэй дэмжлэг хэрэгтэй” гэж ярьдаг. Италиас маш сайн чанарын ээрэх машин худалдаж авах захиалга өгөөд хоёр гурван жил хүлээдэг гэсэн. Тэгэхээр ээрэх хүчин чадлыг “хүү хаа” гээд нэг жилийн дотор ч юм уу шийдэж чадахгүй гэсэн үг. Дээр дурдсан баримтаас үзэхэд манай улс бэлтгэсэн ноолуурынхаа долоон хувийг л утас болгож чаддаг аж. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Хөтөлбөрийг зорилтод нь хүргэхийн тулд “Говь” компанийн хэмжээний хүчин чадалтай үйлдвэр дахиад 2-3-ыг байгуулах шаардлагатай” гэсэн юм. Бэлтгэсэн ноолуурынхаа 60 хувийг дотооддоо эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай нь түүний үгнээс ойлгогдоно.
“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуур угаах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 7910, самнахынхыг 4900, ээрмэлийнхийг 2500 тоннд хүргэх төлөвлөгөө гаргажээ. Мөн сүлжмэлийн үйлдвэрийн хүчин чадлыг 4.25 сая ширхэг, нэхмэлийнхийг 2.6 сая метр хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Үүнийг 4.25 сая ширхэг бүтээгдэхүүн сүлжинэ, 2.6 сая метр ноолууран материал нэхнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашлаад 2025 он гэхэд ноолуур угаах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 8250, самнахыг нь 5560, ээрмэлийнхийг 3560 тонн хүргэхээр салбарын яамнаас төлөвлөөд буй гэнэ. Түүнчлэн сүлжмэлийн үйлдвэрийн хүчин чадлыг 5.8 сая ширхэг бүтээгдэхүүн гаргах, нэхмэлийнхийг 3.6 сая метр урт ноолууран материал хийх хэмжээнд хүргэх аж.
“Хятадын Засгийн газар ченжүүддээ хүүгүй мөнгө зээлээд, нөгөөдүүл нь түүгээрээ манай зах зээлээс өндөр үнээр ноолуур худалдаж авдаг. Ингээд манайхан түүхий эдээ бэлтгэж чаддаггүй” гэж үйлдвэрлэгчид тайлбарладаг. Хятадын ченжүүд манай ноолуурын үнийг тогтоож, их хэмжээгээр худалдан авдаг нь үнэн. Иймээс “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар үйлдвэрлэгчдэд түүхий эдээ бэлтгэх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь зориулж, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй санхүүжилт олгож буй. Хөгжлийн банкныхан өнгөрсөн жил ноолуурын салбарынханд 200 хүртэлх тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан. Энэ салбарт ажилладаг 20 аж ахуйн нэгж өнгөрсөн жил тус банкнаас 188.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авчээ. Ингэснээр үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ 2017 онтой харьцуулахад 1.3 дахин өссөн байна. Самнах үйлдвэрийн хүчин чадал 5.5, ээрэхийнх 7.7, сүлжмэлийнх 23.2 хувиар нэмэгдсэн аж. Ингэснээр 1570 ажлын байр шинээр бий болжээ. “Говь”, “Гоёо”, “Кашмер холдинг”, “Ханбогд кашмер” компаниуд үйлдвэрийн хүчин чадлыг жил бүр нэмэгдүүлж байгаа билээ. Тухайлбал, “Гоёо” компани Төв аймагт жилд 2000 тонн ноолуур самнах хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа.
“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банк энэ салбарынханд энэ жил 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Одоо аж ахуйн нэгжүүд зээл авч үйл ажиллагаагаа өөд нь татаж эхэлнэ. Ноолуурын үнэ одоогоор 124 мянган төгрөг байна. Энэ бол өнгөрсөн жилийнхээсээ 20-30 хувиар өссөн үнэ. Хятадууд ноолуурыг үнэ цохиж худалдаж авахыг хүсэж байна. Манайхан ч дэмжлэгийн санхүүжилтийнхээ хэмжээг нэмж, хүчтэй өрсөлдөөн үүсгэдэг боллоо. Энэ нь түүхий эдээ хүрэлцээтэй хэмжээнд бэлтгэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх суурь хүчин зүйл болох юм.