Монголын хөрөнгийн биржийн эрүүл мэндийн салбарын анхны IPO болох “Монос хүнс” компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122.6 сая ширхгийг олон нийтэд санал болгож, нэгжийг нь 70 төгрөгөөр худалдахаар болсон. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 14 хоног үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт дуусахад олон нийтэд санал болгосон дүнгээс нь 21.7 хувиар давжээ.
Анхдагч зах зээлийн захиалгад 3976 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, хувьцаа худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна. “Монос хүнс” компани үнэт цаас худалдан авах захиалгуудын хуваарилалтын тайланг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх аж. Тус хорооноос анхдагчийг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нарт төлбөрийн үлдэгдлийг нь буцаан олгох гэнэ.