“Оюутолгой”-н нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани танилцууллаа. 1-3 дугаар сард “Оюутолгой”-н баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийн мөн үеийнхээс 18, алтных нь 187 хувиар өсжээ. Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ нь 210 100 тоннд хүрсэн нь өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд 177 300 тонн байснаас 18.5 хувиар өссөн гэсэн үг.
Далд уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт ирэх аравдугаар сарын эцсээр дуусахаар байгааг мөн мэдээлэв. Уг бүтээн байгуулалтад чулуулгийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим хүндрэл тулгарч буй билээ. Тус компани энэ онд 125- 155 мянган тонн баяжмал дахь зэс, 180-220 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх таамаг нь хэвээр аж.
Ташрамд дурдахад, Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Оюутолгой” компани Даланзадгадад уржигдар нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. “Түншлэл 2019” өдөрлөгт тус компанийн ханган нийлүүлэгч 26 аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна ажлын байр, техник, мэргэжлийн сургалтуудын талаар мэдээлэл өгчээ. Тус компани өнгөрсөн онд Өмнөговь аймгаас 126 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан байна. Өдөрлөгийн үеэр Өмнөговь аймаг, “Оюутолгой” компани хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн 2019-2021 онд баримтлах стратегийг баталжээ.