“Хог хаягдал бол байх газраа олоогүй түүхий эд” гэж суут эрдэмтэн Д.И.Мендлеев хэлсэн байдаг. Тэгвэл хогийн цэг дээр “бэлчих” цаасан хайрцаг “гэр”-ээ олчихвол хог биш, түүхий эд юм байна. Улаанбаатар хот 2014 онд цаасан хайрцаг дахин боловсруулах үйлдвэртэй болж, хогийн цэг дээрх картон цааснууд “гэр”-тэй болсон.
Гэвч хангалттай түүхий эд, дэвшилт тоног төхөөрөмжгүйн улмаас үйл ажиллагаа нь 2017 он хүртэл төдийлөн өргөжөөгүй аж. Харин одоо үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулсан тул ажилчид нь өдөрт 10-12 тонн цаас дахин боловсруулж байна. Ингэснээр Хятадаас оруулж ирдэг байсан бор цаасны хэмжээ багасаж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж буй юм. Тэдний үйл ажиллагаатай танилцахаар Улаанбаатар хотын баруун бүсэд орших “Сайн цаас” компанийн үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт зорилоо.
Тэнд урьд нь 10 гаруй хүн ажилладаг байсан бол өдгөө 30 хүн хоёр ээлжээр 24 цагийн турш цаас үйлдвэрлэж байна. Картон цаас дахин боловсруулах шат дамжлага хэд хэдэн хэсгээс бүрддэг аж. Эхлээд хаягдлаа бохирдлоос нь салгаад усанд дэвтээнэ. Дэвтсэн цаасаа буталж, зутан болгоод шүүлтүүрт оруулна. Хоёроос гурван дамжлагаар шүүж, цэвэршүүлсний дараа индүүдэх дамарт хийнэ. Үүний дараа хатаах дамжлагад оруулж, цавууны хэсэгт хүргэнэ.
Бэлэн болсон бэлдцээ цавуугаар шүршээд, уураар дахин хатаана. Ингээд бэлэн болсон бор цаасыг хуйлж, орооно. Хамгийн сүүлд хоёр талаас нь хэрчиж өөлснөөр худалдаанд гаргахад бэлэн болох нь тэр. Нэг том дугуй нь ойролцоогоор тонн жинтэй болдог бөгөөд захиалагч болон хэрэглэгчдийнхээ хүсэлтээр бага хэмжээгээр зүсэж, бэлтгэсэн цаас худалдаж эхэлсэн гэдгээ тус үйлдвэрийнхэн онцоллоо.
Цуглуулсан картоноор зөвхөн ийм төрлийн цаас л үйлдвэрлэж болох бөгөөд хүнсний уут, дэвтэр хийхэд ашиглаж болохгүй гэнэ. Түүхий эдийг ариутгаагүй тул хүнсний уут зэрэгт ашиглахад эрсдэлтэй гэж түүхий эд хариуцсан мэргэжилтэн А.Ариунаа хэлсэн юм.
Тус үйлдвэр 1000 ам метр талбайтай бөгөөд түүхий эдээ хадгалах агуулахтай. Манай улсад хайрцаг хийдэг дөрвөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний хэрэгцээг “Сайн цаас”-ынхан зуун хувь хангах боломжтой гэнэ. Гэвч Хятадын хөрөнгө оруулалттай компани нийслэлд ажиллах болсноор түүхий эдээ тэдэнтэй “хуваалцах” шаардлага тулгарч, үүний улмаас үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүйд хүрчээ. Хэрэв “Сайн цаас”-ынхан үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж, хангалттай түүхий эд цуглуулбал өдөрт 15-20 тонн бор цаас дахин боловсруулах боломжтой юм байна.
Хайрцагны 2-3 үйлдвэр, 10-аад аж ахуйн нэгж, бөөний худалдааны төв, 20 гаруй хүнээс тэд түүхий эдээ цуглуулдаг аж. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс гарсан хаягдал картоныг кг-ыг нь 100, нэг тонныг нь 100 мянган төгрөгөөр үнэлж авдаг. Хэрэв өөрсдөө түүхий эдээ очиж авбал тээврийн зардлаа хасаад кг-ыг нь 50-60 төгрөгөөр үнэлдэг гэнэ.
Тэднийд түүхий эд нийлүүлж байсан иргэн Б “Өдөрт хамгийн ихдээ дөрвөн удаа хаягдал картон цаас авчирдаг. Нэг удаагийн ачилтаар “Портер” дүүрэн картон цаас авч ирэхэд л зуун мянган төгрөгтэй буцна. Худалдаа, үйлчилгээний газрууд маш их картон цаас хаядаг. Тэр болгоныг өдөр бүр очиж цуглуулах амаргүй. Сүүлийн үед цөөн хэдэн байгууллагаас хаягдал цаасыг нь сардаа нэг бөөндөж авдаг болсон тул түүхий эд цуглуулахад хялбар боллоо. Газарт булах байсан хогийг дахин боловсруулж байгаа тул буянтай ажил” гэв.
Манайхан картон цаасыг ихэвчлэн шатааж, эсвэл газарт булж устгадаг. Цавуу болон химийн нэмэлт бодистой учир түүнийг шатаахад хурц үнэр, утаа тортог их ялгаруулдаг гэнэ. Харин газарт булахад цаас ялзрах явцдаа өвчин үүсгэгч нян үржүүлдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс картон цаасыг дахин боловсруулах нь байгальд эерэг нөлөөтэйн зэрэгцээ дотоодынхоо хэрэгцээг хангаж байгаа нь манай улсын хувьд бага ч гэсэн амжилт юм.
Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 мод ашигладаг гэдэг. 17 модноос цаас гаргаж авахын тулд 26 500 литр ус зарцуулдаг юм байна. Энэ хэмжээний хөрөнгө зарцуулсан картон цаасыг хаяхад хайран. Хэрэв нэг тонн картоныг газарт булбал гурван ам метр талбай бохирдуулдаг аж. Тэгэхээр “Сайн цаас” компанийнхан нэг тонн цаас үйлдвэрлэх болгондоо гурван ам метр талбайг хамгаалж байгаа хэрэг.
Тус үйлдвэр дэвтрийн болон бичгийн, сонин, сэтгүүлийн зэрэг шохойтой цаас авдаггүй нь учир дутагдалтай санагдаж байлаа. Гэхдээ энэ нь бүтээгдэхүүний чанар муудахаас сэргийлсэн хэрэг гэдгийг сонсоод дээрх бодол өөрчлөгдөв. Шохойтой цаасыг бор цаастай хольж дахин боловсруулбал чанарт сөргөөр нөлөөлж, амархан урагддаг гэнэ. Дэвтэр, сонины цаасыг бусад үйлдвэрт дахин боловсруулж, өндөгний хайрцаг зэргийг хийдэг учир ангилж хаяхад илүүдэхгүй нь.
Ийм үйлдвэртэй болсныг мэдээгүй иргэд “Хаягдал цаас авах уу”, “Ямар цаас авах вэ”, “Нэг кг-ыг нь хэдээр үнэлдэг вэ” гэж утсаар байнга лавладаг бололтой. Үйлдвэр нь хотоос зайтай тул хаягдлаа цуглуулах нь тус үйлдвэрийнхэнд тулгарч буй гол асуудал гэнэ. Сардаа сая гаруй төгрөг тээврийн хөлсөнд зарцуулдаг аж. Цаашид дэвшилт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлээ сайжруулбал гялгар уутыг цаасаар солих боломж тус үйлдвэрийнхэнд байгаа мэт санагдав. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ч картон цаасаа хаялгүй мөнгөөр солих боломж хэдийн бүрджээ.