Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн гуравдугаар сар болон нэгдүгээр улирлын байдлыг Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцууллаа. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.7, өнгөрсөн оны эцсээс 1.8, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өссөнийг энэ үеэр дуулгав. Инфляцын өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 20.5, ундаа, усных 6.7, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний бүлгийнх 3.1, согтууруулах ундаа, тамхины ханш 4.1 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Үүнээс гадна энэ оны эхний улиралд манай улсын гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 134 сая ам.доллароор нэмэгдэн, 485.9 саяд хүрсэн бол худалдааны тэнцэл гуравдугаар сард 229.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх сарынхаасаа 77 сая “ногоон”-оор нэмэгдсэн дүн аж. Түүнчлэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.9 их наядад хүрч төсвийн тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Өнгөрсөн улиралд чулуун нүүрсний экспорт 132.3, хагас боловсруулсан алтных 71.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нийт экспорт өмнөх оны мөн үеэс 289.3 сая “ногоон”-оор өсөхөд голлон нөлөөлсөн байна. Харин банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 20.9, өнгөрсөн оны мөн үеэс 633.4 тэрбум төгрөгөөр ихэссэн дүн аж. Инфляцын түвшнийг доор нарийвчлан үзүүлье.