Суудлын жижиг тэрэгний хурд 80 км-ийг заана. Хаврын илч муутай “цонхигор” наран дор шаргалтан буй Уянгын хөндий бүртийх чулуугүй, дардан замтай санж. Манай сонины баг Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга баг, хүлэг морин уралдаж баймаар тэр л хөндийн Булшт толгойд хаваржиж буй мянгат малчин М.Бүрэнзэвсэгийнхийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт зорьсон нь энэ.
Шинэ төлөө хүлээж авах, ямаа самнах хаврын их ажилтай ч тэрбээр бидэнд зав гаргаж, сурвалжилга хийхийг зөвшөөрсөн юм. Төдөлгүй бид асга хад нь тэгшрэн сэрийлдэх Дэл уулын ар, бэсрэг толгойн энгэрийг түшин, хаваржаагаа зассан М.Бүрэнзэвсэгийнд дөрөө мултлав. Хоточ ноход боргож, нялх төлийн дуу цангинан угтлаа. Бас малын хашаатай зэрэгцүүлэн барьсан жижиг гэрт ямаа “орилох” нь сонсогдоно. Тэнд ямаа самнаж буй нь энэ ахуйг мэддэг хүнд илэрхий мэдрэгдэнэ. Эзэгтэй Б.Нэргүй биднийг угтан, гэрт урилаа.
14.00 цаг. Өнгөрсөн жил бороо хур элбэг, Уянгын хөндийд өвс ургамал сайхан дэлгэрчээ. Өвөл цас орж, хүйтрээгүй учраас өнтэй давсан мал жилбэ сайтай байгаа аж. Гэрийн эзэгтэйн хэлснээр, хонь, ямаа хурга, ишгэндээ “сүжрээд” сүйд гэнэ. Онд зутруу орсон, жилбэ муутай жил бол хурга, ишгээ тоохгүй хаячихдаг юм байна. Халуун уураг амсаагүй төл мал болохгүй нь ойлгомжтой.
Монгол ёсоор мэнд усаа мэдэлцэн, цай цүйгээ дээжилж, энэхэн тэрхнийг хөөрөлдсөн М.Бүрэнзэвсэг хургатай хонио бэлчээрт гаргахаар зэхэв. Өглөө хурга, ишгээ ялгаж авч үлдээд, эхийг нь хэсэг бэлчээгээд, түрүүхэн эргүүлэн “уулзуулжээ”. Улаан хантааз “угласан” М.Бүрэнзэвсэг хул алаг моринд мордон, урт уурга даяллаа. Хургаа дагуулсан хонины түрүүч Булшт толгойн ар хормойгоор тойров. М.Бүрэнзэвсэг буцаж ирээд, туслах малчин Дүгэрээд морио өгөн, хонио хаагуур бэлчээхийг заагаад “Би Өсөхөөгийн сувай хонинд очиж мал харъя. Ганц нэг юм нийлсэн бололтой” гэв.
14.30 цаг. Хул алаг морио хятад мотоциклоор сольсон М.Бүрэнзэвсэг урд айлынхаа зүг жавхадлаа. Өсөхөө гэгч идэрхэн эр бас хятад мотоциклоор унаа хийн, хонио хариулж явав. Тэдний сувай хонинд хоёр хонь, нэг ямаа гүйж ирж нийлжээ. “Хургалсан шинж байна уу”, “Хаанаас гүйгээд ирэв” гэх мэтээр тэд хоорондоо ярилцана. Ингээд айлын хонинд нийлсэн гурвыг орой авахаар болов.
14.45 цаг. Нутгийнхны дууддагаар Бүрнээ адуугаа услахаар асга хад нь сэрийлдэх Дэл уулын ар шилээр давж явлаа. Зам зуурт тааралдсан цөөн адууг хөөн, нарийхан жалганд хүрэв. Тэнд малаа ундаалдаг хоёр онгоц бүхий гар худаг нь бий. Худаг дээр ийн 10 гаруй тооны хоёр азарга адуу хуралдав. Ховоо татаж, онгоц руу ус урсгана. Адуу хүүе гэхийн завдалгүй л ховх сорно. Тэр морь уях дуртай нэгэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд унах хүүхэд олдохгүй гэсэн шалтгаанаар дуртай ажлаасаа жаахан хөндийрчээ.
Хурдан халтар азарга нь хөгширсөн гэнэ. Харин түүний төл залуухан хул азарга нь сумынхаа наадамд хэд хэд айрагджээ. Мөнөөх хурдан хул эцэг халтраа ус уух зуурт нь хажиглана, хазаж хайрна. Худгийнх нь ундарга муу, байсхийгээд л шавхагдчихдаг тул тэднийх усны хомсдолтой. Ядаж энэ жил малын туруу давах цас унаагүй учраас ундарга муутай худгаас малынхаа цангааг тайлах том ажил тэдэнд бий. Маш эрт босоод худаг руу явахгүй бол өөр айл малаа оруулчихна. Өөр айлын мал худагт “орчихвол” ус нь багасаад, ёроолыг нь өдөржин шавхаж байж, өөрийн хэдийг ундаална гэж М.Бүрэнзэвсэг ярилаа.
15.10 цаг. Хятад мотоциклийн хурдаар довтолгон гэртээ ирсэн М.Бүрэнзэвсэг зурагтаа асааж, радио суваг дээр нь тохируулав. Цаг агаарын урьдчилсан төлөв сонсохоор яарсан нь тэр байж. Мэдээ хүлээх зууртаа галаа аргалаар өрдөж, дээр нь үйсэн махыг эргүүлж тойруулав. Цаг агаарын мэдээ ч “явлаа”. Тэрбээр чихээ наах нь холгүй анхаарлаа төвлөрүүлэн сонсоно. Цаг агаарын мэдээнд чих тавьсны дараа гэрийнхээ үүдэнд зогсон хол ойрыг дурандах зууртаа “Ойрын хэдэн өдөр тэнгэр эвгүйрэх шинжтэй байна. Ер нь дөрөвдүгээр сарын 9 хүртэл муухан байх юм биш үү. Маргааш бага зэрэг цас орох юм шиг ярилаа. Аз байвал бага зэрэг юм унах нь” гэж ярив. Цас орвол усны хомсдолоос айхгүй болно. Ингээд тэрбээр ямаа самнаж буй илүү гэрийн зүг алхав. Зам зууртаа жижиг хашаанд хашсан, саяхан хургалсан хонь, хэдэн нялх ишигний янз байдлыг шалгана. Жижиг гэрт ямаа самнаж буй эхнэртээ цаг агаарын төлөв дуулгаад, байдал бишидвэл хэрхэх талаар ярилцлаа. Ингээд сувай хонь руугаа ухасхийж, шинэ төлөө хумьж ирэхээр хөдөллөө.
16.10 цаг. Уянгын хөндийд байх тариан талбайн хаяанд гурван ямаа ишиглэжээ. Бүрнээ нялх ишигнүүдийг ганзагалсан цэнхэр уутандаа хийлээ. Тэнд цагаан ямаа хөдлөхгүй зогсоно. Хүрч очвол тариан талбайн хашааны тортой орооцолдоод, таг хөшчихсөн нь тэр байж. Мөнөөх ямааг өргөстэй торноос салгаад, ишиглэсэн гурван ямаатай хамтатган тууж, гэрийн зүг хошуу эргүүлсэн хонин сүргийнхээ араас гэлдрүүлэв. Бас нэгэн ямаа ишиглэсэн байхтай таарч, төлийг нь ууталлаа. Уут дүүрэв. Сүргээ гүйцэж иртэл хоёр хонь хургалжээ. Нэгэнт төлийн уут дүүрсэн тул хургалсан хонио зөөлөн тууж, гэрийн хаяа бараадуулах болов.
16.40 цаг. Жижиг гэрт дөрвөн хүү ямаа самнана. Айлын эзэгтэй Б.Нэргүй, түүний төрсөн дүү Б.Сугар, нутгийн хоёр залуу бие чилээсэн хүнд хөдөлмөрийг гүйцэлдүүлж байлаа. Гурван залуу энэ ажилд биеэ бүрэн дайчилж буй бол гэр бүлийн хоёр бусад ажлынхаа завсар чөлөөгөөр ганц нэгийг ноолуураас нь салгаж байгаа аж. Тэднийх хоёр залууг ямаа самнуулахаар хөлсөлжээ. Тэд нэг ямааг зургаан мянган төгрөгөөр самнах ацаг авсан гэнэ. Өдөрт 10 ямаа самнах зорилт тавьсан ч арай амжихгүй байгаагаа тэд дуулгав. Тэднийх энэ жил 600 гаруй ямаа самнана гэж гэрийн эзэгтэй хуучиллаа. Өндөрширээтэд нэг кг ноолуур 130 мянган төгрөгийн үнэд хүрчээ. “Малынхаа ашиг шимийг хүртэж амьдардаг бидэнд ноолуурын үнэ өндөр байгаа нь таатай байна” гэж Б.Нэргүй хуучилсан.
Орчин цагт ямааг гурван төрлийн самаар самнадаг болжээ. Эхлээд шүд нь хоорондоо том зайтай самаар, хамгийн сүүлд үсний машины ирээр самнаад дуусгадаг байна. Ингэж ноолуурыг нь юу ч үлдээхгүй авдаг болсон юм санж. Сувай хонио гэр лүүгээ дөхүүлсэн М.Бүрэнзэвсэг давхиж ирлээ. Ингээд эхнэр нь тогоотой хоолоо гаргаж, гэр доторх ажлаа эмхлэх болж, Бүрнээ ямааг нь самнаж дуусгахаар ханцуй шамлав.
17.10 цаг. Мах огтлохоор ширээ ирмэгдэн суусан М.Бүрэнзэвсэг “Тэр ямааны энэ ишгийг ингэхгүй бол болохгүй”, “Нөгөө хонины хурга хаана байгаа билээ” гэх мэтээр эхнэртэйгээ зөвлөлдөнө. Ер нь ахуйгаасаа анхаарал ер салгадаггүй нэгэн гэдэг нь илэрхий. Төлөө бүрэн авахын тулд бүхий л анхаарлаа хандуулж буй нь анзаарагдав. Гав шав хийн хурдан хөдлөх, гар амраахгүй энэ тэрүүгээр элдвийг янзалж, цэгцлэх нь уйгагүй агаад ажилсаг нэгэн гэдгийг нь “ховлоно”. Энэ л үед гэр бүлийн хоёрыг нөр ажлынх тухай бодлоос түр холдуулж, амьдралынх нь дурсамж сэргээсэн яриа руу хөтөллөө.
Хүүхэд насаа Уянгын хөндийдөө үдсэн, нэг гол, нэг ангийн хоёр М.Бүрэнзэвсэгийг цэргээс ирсний дараа 2000 онд айл болжээ. М.Бүрэнзэвсэг гуравдугаар сарын 18-нд мэндэлсэн хүн. Өндөрширээт сумын тухайн үеийн Хөгжил нэгдлийн нарийн бичгийн дарга Баажий гэж хүн цэргийн баяраар мэндэлснийг нь бэлгэшээж, түүнд Бүрэнзэвсэг гэж нэр хайрласан гэнэ лээ. Тэд анх айл болохдоо бог голдуу 90 толгой малтай байж. 2001 оны зуд, түүний дараагийн хүнд жилүүдэд малаа хорогдуулан, 40 толгойтой үлдсэн удаатай аж. Ингээд 2006 онд хоёр жил унасан “Эксель” машинаа 900 мянган төгрөгөөр борлуулж, мал худалдан авсан байна.
Мөн айлаас онд орж чадахааргүй зутарсан төлөг, борлон хямд үнээр худалдан авч тэжээдэг байжээ. Таван жил уйгагүй хөдөлмөрлөсний дүнд малынхаа тоог 1000 давуулж, 2011 онд “Мянгат малчин” хэмээх алдар “зүүсэн” гэнэ. Ингээд 2013 онд “Аймгийн аварга малчин” болов. Одоо тэднийх 100 гаруй бод, 1500 бог малтай.
М.Бүрэнзэвсэг “Зудад малаа барчихаар аргал түлшгүй болдог юм билээ. Уул руу явж бургас үүрч ирдэг байлаа. Хонио явган төллүүлнэ. Нэг хэсэг зовсон. Одоо ч харьцангуй гайгүй болчихоод байна” гэж ярив. Тэднийх гурван хүүхэдтэй. Гурвуулаа сурагч тэд Улаанбаатарт хар багаасаа суралцжээ. Том нь энэ жил дунд сургуулиа дүүргэх гэнэ. Бүхэл маханд хутга хүрснээс эхэлсэн энэ яриа хэдэн хавирга хальсгүй мөлжсөний дараа өндөрлөлөө. М.Бүрэнзэвсэг “Хүүе, мал руугаа анхааръя. Өнөөдөр хууч хөөрөх зав гаргачихлаа” гээд бослоо.
18.00 цаг. Булшт толгойн өмнүүр баруун тийш давуулсан нялх хургатай хонио эргэхээр ухасхийв. Мөн энд тэнд хоцорсон ишигтэй ямааг хот руугаа ойртуулна. Тэднийх хонио гурав хувааж малладаг аж. Нялх болон хөрөв хурга, ишигтэй гэж хоёр хуваана. Бас сувай гэж ялгана. Ингэж маллахад хялбар санж. Нялх хурга, ишигтэй хонь, ямаагаа бөөгнүүлсэн тэрбээр буцаж ирлээ. Энэ зуурт туслах малчин Дүгэрээ хөрөв хурга, ишигтэй хонь, ямаагаа туун ирлээ. Ингээд хургатай хонио хашив.
За, тэгээд эхээсээ төөрсөн хурга, ишгийг “олгож өгөх” ажил эхэллээ. Гэр бүлийн хоёр энэ тэрнийх, наадах чинь үүнийх гэж ярилцан, шар өтөг манаруулан хонин дундуураа туучна. Ишиг нь гэрийн гадаа хоцорсон хэдэн ямааг ялгав. Дараа нь нялх хургатай хонио толгойн цаанаас тууж ирээд, урд талын жижиг хашаанд хашлаа. Бүрнээ, Дүгэрээ хоёр сувай хонио хотлуулахаар хөдлөв. Энэ зуурт саарал дээлтэй гэрийн эзэгтэй Б.Нэргүй хурга, ишгээ амлуулсаар, самнаач гурав хэдэн ямаагаа орилуулсаар байх нь тэр. Сувай хонь ч хотонд ойртон ирлээ. Мөнөөх хоёр айлын хонинд нийлсэн хэдийгээ авчирчээ. Эхлээд маргааш самнах эр ямаануудыг ялгав. Дараа нь шинээр мэндэлсэн ишигнүүдийн эхийг ялгав. Зарим нь ишгээ тоох янзгүй сүрэг рүүгээ эргэж зугтана. Ингэж “маягласан” малыг уяж байгаад ишгийг нь амлуулдаг аж. Тэдний гадаа энд тэнд уяатай хонь, ямаа арав гаруй байсан. Ихрийн өрөөснийг төл нь эндсэн ямаанд хөхүүлдэг гэнэ. Ямаа гэдэг мал хургыг хүртэл төлөө болгоод авчихдаг аж. Харин хонь ишгийг төлөө болгосон тохиолдол байхгүй гэнэ лээ. Нар дээр байхад эхэлсэн ажил шувтрах дөхөхөд орчлонг гийгүүлэгч маань жаргаж, Уянгын хөндий бүүдийжээ.
19.50 цаг. Гэрийн гадаа хөмөрсөн араг дор өдөржин байсан бор ишгийг Б.Нэргүй улаан ямаанд хөхүүллээ. Үр төл нь биш учраас улаан ямаа дургүйцээд нялх ишгийг ойртуулсангүй. Гэтэл малчин эмэгтэй дарж байгаад нялх ишигний ходоодыг божийтол нь хөхүүлэв. Эх нь цатгахгүй байгаа, эсвэл ихэрлэсэн тохиолдолд сүү сайтайг нь гувшуулж, төлөө бойжуулах нь мал маллагааны нэгэн арга бололтой. Гадаах ажил ерөнхийдөө шувтрах тийшээ хандлаа.
20.10 цаг. Туслах малчин Дүгэрээ хул алаг морины эмээлийг авч, хувинтай ус, тэвштэй тэжээл тавьж өгснөөр М.Бүрэнзэвсэгийнх гэж айлын нэг өдрийн нөр их ажил шувтрав. Гэртээ тухлан, халуун цай оочин, цартай махнаас огтлох зууртаа ОХУ-ын олон ангит “Шеф” кино үзсэн тэд хажуулахаар хэвтлээ. Самнаач хоёр хоол идэж аваад түрүүхэн сумын төв рүү хөдөлсөн. Маргааш өглөө эрт хонио усална.
06.30 цаг. М.Бүрэнзэвсэгийн “Унтчихсан байна, баларсаан. Дүгэрээ ах сэрээхгүй яагаа вэ” гэсэн дуунаар гэрийнхэн бүгд нүд нээв. Эртэч Дүгэрээ ах нь энэ удаа яагаад ч юм нам унтаж орхижээ. Яаран боссон Дүгэрээ сувай хонио туугаад худгийн зүг хөдөллөө. Шөнө хургалж, ишиглэсэн хонь, ямааг ялгаж үлдээв. М.Бүрэнзэвсэг “Өөр айл малаа түрүүлээд худаг руу оруулчих вий дээ” гэж сандарна. Дүгэрээг нэлээд холдсоны дараа нялх хургатай хонио гаргаж бэлчээлээ. Бас л эхийгээ олоогүй хурга, ишгийг “олгож өгөв”. Ингэхгүй бол харангатаж үхнэ. Тэгээд гэр дэх эрчүүд мотоцикл дээрээ цахилгаан мотортой, ус сорох шахуурга даруулж аваад худгийн зүг хөдөллөө. Саахалтынх нь айл хонио усанд оруулаагүй байлаа. Тэдний санаа ч амарлаа. Худгийн усыг татартал шахуургаар соруулж, хоёр онгоцонд хуваан хийж, хонио усаллаа. Ингээд үлдсэнийг нь ховоогоор татаж услах болов.
07.50 цаг. М.Бүрэнзэвсэг хурга, ишгээ хөхүүлэхээр гэр рүүгээ явахаар болж, туслах малчин Дүгэрээ, эхнэрийн дүү Сугар нар үлдсэн хонио ховоогоор ус татаж услахаар үлдэв. Саахалтынхаа бусад айлаас өрсөж хонио усалж амжсандаа тэд баяртай байлаа. Саяхны нэг өглөө таван цагт босоод хонио туугаад иртэл худагт нь айлын мал орчихсон байжээ. Ингээд худгийн ус татарч, өдөржин ховоо татсан гэнэ лээ.
10.10 цаг. Хурга, ишгээ эхэд нь “олгож өгч” байсан М.Бүрэнзэвсэг “Нялх хургатай хонины тийшээ нэг том шувуу орчихлоо” гэж хэлээд, хятад мотоциклоороо хурдлан давхив. Явдал дундаа дуут дохиог нь тасралтгүй “чарлуулна”. Хүрэн бүргэд үргэн өөр тийш нисэн одлоо. Нялх төлийг том шувуу шүүрээд нисдэг бол үнэг гайхал шөнө хашаанаас нь хулгайлдаг гэнэ. Тиймээс үнэг, шувуу хоёроос ихээхэн болгоомжилдог аж.
11.05 цаг. Нэгэнт ишиг, хурганууд хөхөж цадсан тул эхүүдийг нь ялгаж бэлчээрт гаргалаа. Хөрөв хурганууд хашаан дотор тонгочин тоглоно. Хуйлран давхилдана. Бэлчээрт гарч, дэлэндээ хоолоо “үйлдвэрлэсэн” эхүүдийг нь хэсэг хугацааны дараа тууж ирэн хөхүүлнэ.
Цаг агаарын мэдээнд тайлбарласанчлан баруун хойноос хар үүл хуралдан, наашилж байв. Салхины хурд ширүүсэн хаврын хахир хатууг мэдрүүлнэ. Гэртээ хэсэг тухалсан тэд цаг агаар эвгүйтвэл самнасан эм ямаа, нялх төлөө гарааш руу оруулъя гэж ярилцлаа. Мал төллөх үеийн малчин хүний нөр их хөдөлмөрийг сурвалжлах зорилгоо биелүүлсэн бид ч хөлгийн жолоо эргүүлэв. Монголын хөдөө нутагт малаа төллүүлэн, борви бохисхийлгүй ажиллаж буй малчдын төлөөлөл болсон М.Бүрэнзэвсэг хэмээх айлын эгэл төрх ийм байлаа.