Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 3-5-нд монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникод (дэлхийн бүх бичиг үсгийг компьютерт кодолж оруулах стандарт боловсруулдаг, олон корпорацыг нэгтгэсэн консорциум)-ын ажлын хэсгийн хурал болно. Өнгөрсөн жилээс хойш ар, өвөр Монгол даяар хүлээлт үүсгэсэн эл хурлын гол зорилго, ач холбогдол нь монгол бичгийн цахим кодчиллыг хэрхэн засаж сайжруулах вэ гэдэг нэгдсэн загвараа хэлэлцүүлж, эцэслэн батлуулах явдал.
Гэвч өдгөө үүнийг өнгөрсөн цаг дээр бичиж байгаа шалтгаан нь ар, өвөр монголчууд саналаа нэгтгэн, зөвшилцөлд хүрэх нь байтугай дотооддоо, хоорондоо нэгдэж чадаагүйгээс улбаатай гэнэ. Манайхныг хэлэлтгүй, өвөрмонголчууд ч дотроо зөрүүтэй байр суурьтай байгаа тул талууд нэгдсэн шийдэлд хүрээд, өнөөх саналаа Юникодын техникийн хорооны хурлаар оруулж батлуулна гэсэн тохироо нь лөөлөө болсныг эрх бүхий албан тушаалтнууд “улайв”. “Энэ хурлаар монгол бичгийн цахим кодчиллыг засаж сайжруулах загварыг шууд эцэслэн шийднэ гэж хэлэх боломжгүй. Зүгээр л ажлын хэсгийн хуралдаан юм” хэмээн хурлын “зэрэглэл” буурсныг ч хэлнэ билээ.
“Өнгөрсөн хугацаанд бид өвөрмонголчуудтай хоёр удаа уулзаж, зарим асуудлаа хэлэлцэн тохиролцсон. Ямар ч байсан хоёр улс монгол бичгийн одоо кодлогдсон байгаа авиа зүйн загварыг ингэж сайжруулах боломжтой гэдэг нэгдсэн саналаа Юникодын хурлаар оруулахаар болсон. Өвөрмонголын эрдэмтэд олон жилийн нөр их хичээл зүтгэл, судалгаа шинжилгээний ажил, хөрөнгө мөнгөө бодсон ч тэр, дүрсээр кодлуулах саналыг дэмжихгүй гэж байгаа.
Тиймээс одоо хоёр тал эхлээд дотооддоо саналаа нэгтгэж боловсруулаад, дараа нь хамтарч ярилцан нэг шийдэлд хүрнэ. Энэ дагуу төрийн ажил явдгаараа явж байна” хэмээн энэ асуудлыг хариуцсан агентлагийнхан нь өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв. Гэтэл өнөө явдгаараа “явж” байсан төрийн ажил маань үнэндээ иймэрхүү байдалтай, үнэнд гүйцэгдсэн бололтой.
“Монгол бичгийн цахим кодчиллыг засаж сайжруулан, илүү боловсронгуй болгохоор боловсруулсан загвараа бид холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсэн. Гэвч үнэндээ 2000 онд баталсан монгол бичгийн үндэсний стандартын яг юу нь болохгүй байна вэ, ямар ямар үсэг дээр ямар алдаа байгааг нь яаж сайжруулах вэ гэдэг дээр бодитой санал хэлэх хүн бараг алга. Хэл, бичгийн чиглэлээр IT-гийн мэргэжлийн зөвлөх ч манайд ховор юм.
Байгаа ганц нэг компани нь нэгдэж, хамтарч ажиллах талаар тун хойрго юм. Гэтэл нөгөө талд бидний боловсруулсан загварыг өвөрмонголчууд “Эрс шинэчлэлийн шинжтэй ийм өөрчлөлтийг бид одоохондоо хүлээж авах боломжгүй” гэдгээ мэдэгдсэн” хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн хэлэв.
Өвөрмонголчууд өдгөө ашиглаж байгаа авиа зүйн загвараа сайжруулахын тулд олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан учраас монгол бичгийн үсэг болгон олон удирдах тэмдэгттэй учраас тэдгээрийг цөөлөх гэх мэт манайхны боловсруулсан саналыг шууд хүлээн зөвшөөрөх аргагүй гэдэг нь ортой биз. Нөгөөтээгүүр, дотооддоо эрдэмтэн судлаачдынх нь санал зөрүүтэй учраас энэ удаагийн хуралд төлөөлөгчид нь оролцох боловч “Манай тал ийм байр суурьтай байна” гэдэг албан ёсны шийдлээ танилцуулахгүй бололтой.
Юникодын техникийн хорооны дарга Лиза Мүүр тэргүүтэй дэлхийн бичиг үсгүүдийн цахим кодчиллыг хариуцсан “аварга”-уудыг эх орондоо урьж авчирчихаад монгол бичгийн асуудлаа эцэслэж чадахгүй юм бол энэ хурлыг тэгээд хийхийн хэрэг байна уу гэж хэн хүнд бодогдох нь дамжиггүй. Хувь, хувьсгалын янз бүрийн байгууллагын, эрдэмтэн судлаачдын арьсаа хамгаалах гэсэн, эсвэл ажил хийсэн баатар болж харагдах гэсэн элдэв эрх ашгийн дунд монгол бичгийн цахим кодчиллыг сайжруулах асуудал нь өөрөө ар, өвөр Монголд жинхэнэ “алаан” болсон учраас уг хурлаар нөхцөл байдлыг нэг алхам ч болов урагшлуулах сан гэдэг даруухан зорилго тавьжээ.
Угтаа Юникод консорциумын хувьд бол ар, өвөрмонголчуудын алиных нь боловсруулсан хувилбар байх нь чухал бус, гагцхүү монгол бичгийг бушуухан л цахим хэрэглээнд ашиглахад саадгүй болгох нь хамгийн гол зорилт байж таарна. Тиймээс хэрэв манайхан дотооддоо эв түнжинтэй байгаад, саналаа олигтойхон нэгтгэж, шүүсийг нь шахаад жин тан болгосон бол өвөрмонголчуудыг заавал царай алдахгүй, эндээ шууд эцэслэн шийдэх эрх нь Юникодынхонд бий.
Нэгэнт дэлхийн бүх бичиг үсгийг компьютерт кодолж оруулах стандарт боловсруулдаг, олон корпорацыг нэгтгэсэн консорциумаас “Энэ загвараар монгол бичгийн кодчиллыг засаж сайжруулах нь зүйтэй юм байна” гэсэн шийдвэр гарчихвал өвөрмонголчууд хэчнээн хүлээн зөвшөөрөхгүй гээд, “Бид ар монголчуудаас илүү энэ бичиг үсгийг хамгийн их хэрэглэдэг” гэж заргалдаад ч нэмэргүй гэсэн үг. Даанч манайханд тийм боломж гарах, эсэхийг хоёр хоногийн дараа эхлэх хурлын төгсгөл хүртэл таашгүй.
Орчин үед хүмүүсийн бичгийн хэрэглээ цаасан дээр гараар бичих бус, компьютер, гар утас руу шилжсэн. Гэтэл монгол бичгийн хувьд цахим хэрэглээ байхгүй, контент үүсэх боломжгүй өдий хүрсэн учраас дэлхий дахинд устаж буй бичиг үсгийн жагсаалтад хэдийнэ орчихсон яваа. Монгол бичгийг цахим орчинд саадгүй хэрэглэх гол үндэс нь Юникодын стандартад оруулж баталгаажуулах явдал.
Компьютерт латин а, кирилл а, монгол бичгийн а, ханз үсэг ямар кодтой байх вэ гэдгийг нэгдсэн нэг стандартаар тогтоодог Юникодод тухайн бичиг данслагдаагүй бол Facebook, Google, Adobe, Apple, Microsoft, IBM зэрэг бүхий л глобал тоглогчийн үйлдлийн систем түүнийг дэмждэггүй. Тиймээс нэг компьютерт шивсэн эх бичвэрийг дараагийн цахим төхөөрөмж рүү явуулахад зарим тэмдэгт нь танигдахгүй болохоос эхлээд огт өөр утга илэрхийлэх зэргээр төөрөлдүүлэх үүтгэл болжээ.
Үүнээс болоод ар, өвөрмонголчууд үндэс язгуур нэг монгол бичгээрээ “хэл нэвтрэлцэж” чадахаа байсан тул энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгааг хамтдаа эрэлхийлэхээр өнгөрсөн жил дөрөвдүгээр сард Бээжинд, зургадугаар сард Хөх хотод хуралдсаны хэрэг одоохондоо гараагүй л байна.
Уг нь хоёр талын эрдэмтэд удаа дараа хэлэлцэж, 2000 онд монгол бичгийн Юникодын олон улсын ISO/IEC 10646-1 стандартыг авиа зүйн зарчимд тулгуурлан баталж бүртгүүлсэн түүхтэй. Гэвч архитектурын болон логикийн, техникийн мэр сэр алдаануудаас болоод 19 жилийн турш бүрэн цэгцрэхгүй, сунжирсаар ирсэн тул Юникодын техникийн хорооныхон монгол бичгийн стандарт, кодчиллын асуудлыг даруй цэгцлэх шаардлагатай байгааг шахаж шавдуулдаг.
Өвөрмонголчуудыг монгол бичгийн олон улсын стандартаа шинэчилж сайжруулахад зориулж улсаас нь сүүлийн гурван жил тутам 30 сая юань буюу 10.5 тэрбум төгрөг төсөвлөдөг гэнэ лээ. Манайхан болохоор 2000 онд яаран сандран баталсан үндэсний стандартаа тэр чигт нь тагийн тагт хийж, мартаад юу нь болж байгаа, аль нь болохгүй байгааг ч анхаарахгүй өдий хүрч.
Бид төрөлх бичиг соёлдоо хүнийрхүү, хайнга хандаж байсан учраас “Наад нэг “эзэнгүй” бичгийн асуудлаа даруй шийдээтэхээч” гэдэг санал Юникодын зүгээс гарч, Хятадын эрдэмтэн Лянг Хай, Шин Илей нар монгол бичгийг авиа зүйн загварыг нэг мөр халж, ханз шиг дүрсээр кодлох санал боловсруулсныг өнгөрсөн жил л мэдэв шүү дээ. Энэ хооронд тал талд баахан ажлын хэсэг байгуулж, бас татан буулгав. Тэдний ажилд дүн тавих цаг нь одоо ирж байна.