Манай улсын нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайланд тусгагдсан. Үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг тус тайланд онцолжээ. Тэгвэл цөлжилтийг сааруулахын тулд ой хээрийн бүсийн ойжуулалт маш сайн үр дүн өгдөг гэдгийг байгаль орчны судлаачид хэлдэг.
Иймд 2010 оноос эхлэн “Ногоон Ази” ТББ болон “My Club”-ын таван мянга орчим сайн дурын оюутан, залуус хамтран Төв аймгийн Эрдэнэ суманд есөн жилийн турш ойжуулалт хийжээ. Тэд одоогоор 117 га талбайд нийт 127 мянган мод, бут тариад буй. Гэтэл нэгэн цагт төр засгийн анхааралд өртөн сайшаагдаж байсан уг газар нь одоо элсний карьер болох аюул ойрхон байна.
Анх улаан шороо эргэлдсэн, мод байтугай хүн ч тогтохгүй байсан тэр газарт ойжуулалт хийснээр өнөөдөр хоёр метр шахуу өндөр мододтой ногоон байгууламж бий болжээ. Мөн ойжуулалтын хажуугаар нутгийн иргэдийг сургаж ажлын байраар ч хангасан байна. Ингэснээр төслийн хугацаа дууссан ч тэдгээр иргэн тухайн газартаа аж ахуй эрхлэх боломжтой болсон аж.
Уг төслийг дэмжин ажиллагч “My Club”-ын оюутан залуус жил бүрийн зун тус газартаа ирж усалгаа, арчилгааны ажлыг сайн дураараа хийдэг. Гэвч өнөөдөр эдгээр залуусын хүч хөдөлмөр талаар болж, ойжуулалтын бүс элсний карьерт ашиглагдах хэмжээнд асуудал үүсчээ. Учир нь 2009 онд “Ногоон Ази” ТББ нь газар эзэмших зөвшөөрөл авснаас ганцхан сарын дараа “Монгол стандарт” гэх компанид тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газраас газар ашиглах зөвшөөрөл олгосон нь өнөөдөр тус маргааныг үүсгэжээ.
“ИРГЭДИЙН ТАРХИНД МОД ТАРИХ СЭТГЭЛГЭЭГ СУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”
Үүний талаар ШУТИС-ийн профессор, “My Club”-ын тэргүүн Д.Сэрдарамаас тодруулахад “2003 оноос “Дэлхийд шар шуурга” ихэссэн. Ялангуяа БНСУ-д нүүрлээд буй шар шуурга нь Төв Азиас үүдэлтэй гэдгийг судлаачид тогтоосон. Иймд солонгосчууд Монголд цөлжилтийн эсрэг хоёр том төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл. Харин нөгөөх нь Монголд жил бүр мод тарих зорилготой “Ногоон Ази” ТББ-ын хэрэгжүүлж буй төсөл юм.
“My Club” клуб маань “Ногоон Ази” ТББ-ыг дэмжиж, хамтарч ажилладаг. Бид хамтраад 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
2010 онд Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон. Үүнээс хойш монголчууд жил бүрийн хавар нийтдээ 17 сая мод тарьсан хэдий ч нөгөөдүүл нь тогтмол арчилгаагүйгээс болоод ургадаггүй. Иймд эхлээд иргэдийн тархинд мод тарих сэтгэлгээг суулгах шаардлагатай байна.
“Ногоон Ази”-ийнхан 15 газар мод тарьсан. Үүний нэг нь одоо маргаан үүсгээд байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Зуунмодны талбайд байрлах газар юм. Бид тэнд улиас, хайлаас, чацаргана, үхрий нүд, нарийн ногоо зэргийг голчлон тарьж байна.
Тэр газар нь Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх дүүргийн хилийн дээс дээр байрладаг учир их асуудалтай. Тиймээс л газрын маргаан үүсэх шалтгаан бий болсон. “Монгол стандарт” гэх компани бидний мод, бут суулгасан 117 га газрын 67 га газарт элс олборлох гэж улайрч байна. Уг нь тэнд манай 123 мянган мод ургачихсан байгаа шүү дээ.
Миний бие олон жилийн турш тэнд ойролцоогоор 5 мянган сайн дурын оюутан дагуулж очсон. Тийм учраас тэр залуусын сэтгэл, хөлс, хүч шингэсэн байгаа шүү дээ.
“УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС “МОНГОЛ СТАНДАРТ” КОМПАНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАСАН”
“Монгол стандарт” ХХК нь анх газар ашиглах тусгай зөвшөөрлийг Налайх дүүргийн газрын албанаас авсан. Харин бид Төв аймгийн Эрдэнэ сумын газрын албанаас зөвшөөрлөө авсан. Гэтэл энэ хоёр орон нутгийн захиргаа нь 1980-аад оноос эхлээд хилийн маргаантай байгаа. Уг нь бид анх Эрдэнэ сум, Налайхын газрын албанаас зөвшөөрлийг нь аваад, бүх дүрэм журмынх нь дагуу таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээгээ байгуулчихсан байсан юм. Гэтэл биднийг “Монгол стандарт”-тай газрын маргаан үүсгэсний дараа Налайхын газрын албанаас манай газар эзэмших эрхийг сунгаж өгөөгүй. Сүүлд Улсын дээд шүүхээс энэ оны хоёрдугаар сард “Монгол стандарт” компанийн талд шийдвэр гаргасан. Уг нь тэр лицензийг нь цуцлах ёстой олон шалтгаан бий.
Мөн бид олон улс төрчийг урьж мод тариулж байсан. Жишээлбэл, УИХ-ын дарга асан З.Энхболд, БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар, С.Оюун зэрэг байгаль орчны салбарын олон мэргэжилтнүүд бий. Тэр ч бүү хэл одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “бүх карьеруудыг хаана, талбайг хамгаална” гэсэн амлалт өгөөд явсан. Гэвч одоог хүртэл энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй байна.
“ЭНЭХҮҮ ГАЗРЫГ ХАМГААЛАХААС ӨӨР СОНГОЛТ БИДЭНД АЛГА”
“Монгол стандарт” ХХК нь тухайн газарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаггүй хэрнээ төрд ямар хүчтэй нөлөөтэй гэдэг нь олон баримтаар илэрч буй. Цаашлаад авлига, хээл хахуультай ч холбоотой байж магадгүй.
Манай талбай руу хоёр ч удаа техникээрээ дайрч орсон. Тэр үед оюутнууд маань газраа хамгаалахаар тэмцэж, нэлээдгүй асуудал үүсгэсэн. Хэрэв “Монгол стандарт” компани дахин дайрч орвол бид мөн л хамгаална. Мэдээж клубынхаа оюутнуудыг цуглаанд турхираад байж болохгүй. Гэхдээ тэнд олон хүний хүч хөдөлмөр, хөлс шингэсэн учраас ямар ч тохиолдолд хамгаалахаас өөр сонголт бидэнд алга” гэлээ.
“My Club” болон “Ногоон Ази” ТББ-аас Ерөнхийлөгчид хүртэл захидал илгээсэн ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйтэй холбоотой юм.