Садар самууны хэрэгт холбогдоод буй ширээт лам, 77 настай Жорж Пелл энэ сарын 13-нд шүүхийн шийдвэр гартал хорионд орсон юм. Шүүгчдийн үзэж буйгаар түүний үйлдэл “үнэхээр жигшүүртэй” атал түүндээ гэмшсэн шинж ер илэрсэнгүй. Тиймээс хатуу шийтгэхийг прокурор шаардаж байлаа.
Жорж Пелл Ватиканы эдийн засгийн асуудал эрхэлсэн папын нарийн бичгийн дарга нарын газрыг тэргүүлж байгаад хэл ам дэгдсэнээс хойш огцорчээ. Тангарагтны шүүх ширээт ламыг хуулийн таван заалт зөрчсөн буруутай гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үзсэний дотор насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг багтжээ. Ламтан 1996 онд 13 насны хоёр эрэгтэй хүүхэдтэй ёс бусаар бэлгийн харьцаанд орсон гэнэ.
2019 оны хоёрдугаар сарын 26. Ламтны тарьсан хэргээс болж Католик хийдийн дээд мяндагтнуудын уулзалт тэргүүн хамба лам Брисбен Марк Коулриж мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ. Тэрбээр “Бэлгийн дур хүслээ хангах тухайд эрх мэдэлтнүүд хамгийн хүчгүй, хамгаалалтгүй нь байдаг” гэж хэлжээ. Ийн хэлэхдээ нутаг ус нэгт Жорж Пеллийг дотроо бодсон ч байж болох. Үнэндээ ор хөнжлийн хэрэгт орооцолдсон католик шашны хэргэмтнүүдээс хамгийн өндөр мяндагтан нь Пелл юм.
Ромын Пап 2014 онд Пеллийг Ватиканы санхүү эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнээр томилсон аж. Тиймээс Пелл Австралиас Ромд шилжиж ирэв. Энэ хүртэл бараг 13 жилийн турш Сиднейд тэргүүн хамбаар ажилласан байна.
Тэрбээр шаргуу хүн, эсэргүүцэлтэй тулгарах нь цөөнгүй. Гэхдээ түүний үйл ажиллагаа Ватиканы санхүүг өөд нь татахад сайн нөлөө үзүүлж байв. Энэ хүн хормойн явдлаар хүүхэдтэй орооцолдсон нь Ватиканы төдийгүй Пап Францискад ч хүнд цохилт болжээ. Жорж Пелл түүний гол туслахуудын нэг юм. Тэр санхүүгийн өөрчлөлт шинэчлэлийг тэргүүлж байсан төдийгүй “Их ес”(хамба нарын зөвлөл)-ийн бүрэлдэхүүнд багтдаг байлаа. Сүмийн санваартнуудын хормойн явдлын тухай түүхэнд анх удаа дээд хэмжээнд хэлэлцэхийг чухам энэ “Их ес” санал болгосон аж. Пелл буруутайгаа хүлээн зөвшөөрсөн нь бэлгийн хүчирхийлэл гээч юм католик шашны сүм, хийдийн бүх түвшинд нэвтэрснийг илэрхийлсэн явдал боллоо.
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан тохиолдолд төр хэрхэн хандаж байсныг мөрдөн шалгах комисс байгуулж буйгаа 2012 онд Австралийн Ерөнхий сайд, хатагтай Жулия Гиллард зарласан байна. Хүүхдэд ойр байдаг байгууллагуудын үйл ажиллагааг шалгасан комиссын ажлын үр дүнгээр Пеллийг буруутгажээ. Австралийн санваартнуудын долоон хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг гэж тус комисс үзэв.
Бэлгийн хүчирхийллийн энэ дуулиант явдал католик шашны сүм хийдийг бүхэлд нь цочроосон төдийгүй дэлхийн олон нийтийн анхаарлыг ихэд татсан атал ширээт лам Жорж Пеллийн тарьсан хэрэг есөн сарын турш чимээ алдарчээ. Харин одоо уг хэргийг шүүхээр хэлэлцсэн талаар олон түмний сонорт хүргэхийг хориглосон шийдвэрийг цуцалсны дараа Пеллийг шүүхээр шийдвэрлэх, ял оноох талаар дахин ярьж эхлээд байна. Дээр өгүүлсэн хориглох шийдвэрийг 2018 оны тавдугаар сард гаргажээ. Пеллийн хэргийг шийдвэрлэхдээ бусдаас өөрөөр хандахгүй байх нөхцөлийг хангахад энэ арга хэмжээ чухал гэж Австралийн шүүхийн эрх мэдэлтнүүд үзсэн байна. Гэтэл уг шийдвэр олон нийтийн дунд ширүүн маргаан дэгдээв. Пеллийг бэлгийн харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэгт буруутай гэж цагдаагийн байгууллага 2017 оны зургадугаар сард үзэхдээ түүнийг урьд нь ийм үйлдэл хийсэн хэмээн сэжиглэж буйгаа өгүүлж, нэхэмжлэгч нь хэд хэдэн хүн байгаа гэж мэдэгджээ.
Урьдчилсан шүүх ажиллагааны явцыг мэдээлэх боломж сэтгүүлчдэд олгосноор Пелл шүүхийн байрны гадна хэвлэл, мэдээллийнхэнд ээрүүлчихсэн зогсож байв. Тэгэхэд л Пеллийг 1990, 1970 онд хийсэн үйлдэлд буруутгаж байгаа нь анх тодорхой болсон аж. Хоёр хэргийг шүүхээр тус тусад нь хэлэлцэхээр шийдвэрлэхдээ эхнийх нь хоёр дахь шүүх хурлын шийдвэр гарахад нөлөөлөхгүй байхыг бодолцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахыг хоригложээ. Түүгээр ч зогсохгүй ийн хориглосныг ч хүмүүст сануулахгүй байх нь зохимжтой гэж үзсэн аж. Тэгэхдээ нарийн ширийнийг нь дурдалгүй зөвхөн Пеллд ял оноож буйг өгүүлэх төдийгөөр хязгаарлах болсон байна. Хориг ердөө Австралийн нутаг дэвсгэрт л хүчинтэй. Энэ хориг үр дүнд хүрэх, эсэх талаарх хүмүүсийн бодол харилцан адилгүй байлаа.
Жорж Пелл 1941 онд төрсөн, 1987-1996 онд Мельбурний хамбын туслах, 2001-2014 онд Сиднейн их хамбаар ажиллажээ.
1961 онд католик шашинтай залуучуудын лагерьт 12 настай эрэгтэй хүүхдийг ёс бус харилцаанд уруу татах гэсэн хэргээр Пеллийг 2002 онд буруутгав. Үүнийг хамба лам (Пелл) үгүйсгэв. Түүгээр ч барахгүй ширээт ламын суудлаа орхихгүй байхаар шийджсэн аж. Бэлгийн ёс бус харилцаатай холбоотой хэргийг сүмийн шугамаар шийдвэрлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Сүмийн хөлсөлж авсан шүүгч Сау-Туэлл энэ хэргийг мөрдөх явцдаа нөгөө нэхэмжлэгч нь “өөрийн дурсамжийг бичиж буй хүн юм биш үү” гэх сэтгэгдэл төрсөн аж. Тэгээд нотлох баримт хангалтгүйгээс гомдлыг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх боломжгүй болохыг шүүгч тодотгожээ.
Садар самуун хэргийг мөрдөн шалгах комисс байгуулснаа Австралийн Засгийн газар 2012 оны эцсээр зарласан талаар өмнө өгүүлсэн. Ийм комисстой болсныг сайшааж буйгаа Пелл сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна. Бага насны хүүхдийг хормойн явдалд уруу татсанаа хүмүүс хүлээн зөвшөөрч байлаа ч түүний нүглийг наманчилж буй сахил санваартнууд нууцыг чанад хадгалж байхыг тэрбээр хожим нь анхааруулж байв.
Пелл өөрийн тарьсан хэргийг олон түмний сонорт хүргэхгүйн тулд Балларат хотын харьяат, хүчирхийллийнх нь золиос болсон хүнийг хахуульдах гэж оролдсон нь дээрх комиссын үйл ажиллагааны дүнд 2015 оны тавдугаар сарын 20-нд тодорхой болжээ. Пелл Балларат хотноо нэгэн ламын туслахаар ажиллаж байхдаа 1970 онд Жеральд Рисдейл гэгчтэй нэг байранд амьдарч байж. Рисдейл насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр 1993-2013 онд шоронд суусан нэгэн байв. Түүнд золиослогдсон хүний тоо 54 хүрсний дотор хамгийн бага нь дөрвөн настай байсан гэдэг. Рисдейлийн өдүүлсэн хэргийн талаар юу ч мэдэхгүй байсан гэж Пелл тайлбар өгчээ. Австралийн мөрдөн шалгах комисс мэдүүлэг авахаар Пеллийг дуудуултал Ромоос Австрали руу онгоцоор нисэх нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж өмгөөлөгчид нь үзэж, үүнийгээ зохих баримтаар нотолсон тул цахимаар мэдүүлэг өгье гэсэн Пеллийн хүсэлтийг комисс хүлээн авсан гэнэ.
Австралид очихоос Пелл татгалзсаны дараа түүний хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүс хоёрдугаар сарын 14-нөөс “Балларат Ромд очно” нэртэй кампанит ажил өрнүүлэв. Энэ нь Пеллийг мэдүүлэг өгөхөд хохирогчид нь байлцах зорилготой үйл ажиллагаа байлаа. Нэг өдөрт 55 мянган доллар төлөн байж хохирогчид зорьсондоо хүрэв...
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Австралийн шүүх Жорж Пеллд зургаан жил хорих ял оноох шийдвэрийг энэ сарын 13-нд гаргажээ. Ламтан хийгээд түүний өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдээд байна.