Улсын хэмжээнд 25 ба түүнээс дээш ажилтантай 5230 байгууллага бий. Тэдгээрийн 3170 гаруй нь буюу талаас илүү хувь нь тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдийг авч ажиллуулдаггүй гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан мэдээлэлд дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар бол дээр дурдсан 25-аас дээш ажилтантай, 3170 аж ахуйн нэгж, байгууллага тусгай хэрэгцээ шаардлагатай иргэнийг авч ажиллуулаагүй учир Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жил бүр төлбөр төлөх ёстой. Гэтэл өнгөрсөн оны байдлаар нийт аж ахуйн нэгж, байгууллагын тавхан хувь буюу ердөө 273 нь санд төлбөрөө тушаасан байна. Дээрх байгууллагынхнаас хуулиа яагаад хэрэгжүүлээгүйг нь лавлахад талаас илүү хувь нь “хөгжлийн бэрхшээлтэй хүн ур чадваргүй”, 41 хувь нь “ажлын туршлагагүй” гэж хариулжээ. Харин 22 хувь нь цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн аж. Өөрөөр хэлбэл, зарим ажил олгогч тусгай хэрэгцээ шаардлагтай иргэн авч ажиллуулж үзээгүй хэрнээ “ур чадваргүй”, “туршлагагүй” гэж дүгнэхээс гадна ажилд авахыг огт хүсэхгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн халамж хүртэгч, асрамжлуулагч гэсэн ойлголт байдаг. Гэхдээ тэд хөдөлмөр эрхэлж, цөөнгүй нь ажил олгогч болсон баримт бий. Харамсалтай нь, гэр бүлийн гишүүд дунд тусгай хэрэгцээ шаардлагатай хүн амьдардаг өрхийн ядуурлын түвшин жирийн айлынхаас хоёр дахин их байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаагаар дүгнэв. Үүний шалтгаан нь тэднийг авч ажиллуулах байгууллагынхны хандлага болон ажлын байрны орчинтой холбоотойг албаныхан хэллээ.
Тусгай хэрэгцээ шаардлагатай 2450 иргэн ажил хайж буйгаа өнгөрсөн онд бүртгүүлснээс ердөө 29 хувь буюу 720 орчим нь хөдөлмөр эрхэлдэг болсон гэнэ. Ажилд орж чадсан ч тогтвортой хөдөлмөр эрхлэхэд нь бэрхшээл багагүй тохиолддогийг тэд ярьж байна.
Тулгуур эрхтний бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 85 хувь алдсан иргэн Г “Бусдаас өөр гэдгээ Монголын хилээс гарсан даруйдаа мартчихдаг юм. Харин гадаадаас ирж, нисэх онгоцны буудалд буунгуутаа олон саадтай тулгарч, өөрийн эрхгүй гутардаг. Монголд ажилд орох боломж бий. Гэхдээ ажил, гэр хоёр зайтай бол унаа хөлслөхөөс өөр аргагүй. Түүнийгээ дагаад зардал их гарна. Ихэнх цалингаа таксинд зарцуулаад л дуусгачихдаг гэсэн үг. Зарим орны томоохон компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулалтын унаагаар үйлчилдэг юм билээ. Харин манай ажил олгогч нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхдаг юм шиг санагддаг. Ядаж л зориулалтын ариун цэврийн өрөөгүйгээс бие засахад хүртэл хүндрэлтэй” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, ариун цэврийн өрөөгүй зэрэг наад захын асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй нь дэвшилт технологийн зуунд хөл нийлүүлэн алхаж байгаа улсын хувьд хоцрогдол биш гэж үү. Цаасан дээр бичсэнээр бол төрийнх, хувийнх гэлтгүй бүх албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байраа аль хэдийн бэлдчихсэн байх учиртай.
Улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2017 онд татвар төлсөн нийт байгууллагын 76 хувь нь хувийн хэвшлийнхэн, 24 хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байв. Харин 2018 онд энэ тоо хувийн хэвшил 89, төрийн өмчит байгууллага 11 хувь болж өөрчлөгджээ. Хувийн хэвшлийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахын оронд төлбөр төлсөн болоод өнгөрдөг нь дээрх тооноос харагдана. Төрийн байгууллагынхны хувьд хуулийн заалтыг биелүүлдэг учир санд төлбөр төлөх нь бага дүнтэй харагдаж буй. Гэвч төрийн зарим байгууллагын удирдлага мэргэжлээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулаад татвараас зайлсхийдэг тохиолдол цөөнгүй байдаг аж. Мэргэжлээс шалтгаалсан, эсвэл бусад шалтгаанаас үүдэлтэй буюу харааны, сонсголын зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх чадвар хоорондоо ялгаатай гэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дэд дарга Д.Ганболд энэ талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн хөдөлмөрлөх чадвараа алдсан иргэдэд ажлын байр хамгийн их олгосон гэж ярьдаг. Гэвч тэд зөвхөн мэргэжлээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг л ажиллуулдаг. Уул уурхайн салбарт удаан ажилласан хүн уушгины багтраатай болдог. Тийм иргэдийг мэргэжлээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй гэж оношилдог юм. Ийм оноштой иргэд шороо, тоос ихтэй газарт ажиллаж чадахгүй ч цэвэрхэн орчинд хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Харин сонсголын юм уу, харааны бэрхшээлтэй хүн цэвэрхэн орчинд байтугай зориулалтын ажлын байр байхгүй л бол хөдөлмөр эрхлэхэд амаргүй шүү дээ. Зориулалтын ажлын байр бий болгоход их хөрөнгө шаардах ч харааны бэрхшээлтэй хүн дуу таних системтэй, брайль үсгийн хавтан бүхий компьютертой байхад ажил хийж чадна. Ариун цэврийн өрөө нь хангалттай зайтай, бариултай, шат нь налуу бол тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд ч бусдын тусламж хэрэггүй. Тиймээс ажиллах таатай орчин бүрдүүлэх нь чухал. Үүнээс болоод хөдөлмөр эрхэлж чаддаггүй иргэн олон байна. Уг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл нь харааны, тулгуур эрхтний, оюун санааны бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд рүү чиглэсэн. Өөрөөр хэлбэл, мэдрэхүйн, бие махбодын байнгын согогтой, нийгмийн амьдралд оролцох чадваргүй хүнийг ажил олгогч нар дадлагажуулан, ажиллуулах ёстой” гэсэн юм.
Дэлхийн жишигт ч хөгжлийн ялгаатай хүмүүсийг энэ мэтээр ангилж ярьдаггүй. Хөдөлмөрлөх чадвараа алдсан, мэргэжлээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй гэж ярих бус, юу хийх чадамжтайг нь онцолдог. Тодруулбал, харааны чадвараа алдсан хүн бариа засал сайн хийдэг, сонсголын чадвар нь сайн хөгждөг. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн гар урлалын зүйл хийх чадвартай зэргээр үнэлдэг аж.
Хэрэв ажиллах таатай нөхцөлийг нь бүрдүүлчихвэл хөгжлийн ялгаатай иргэд хэнээс ч дутахгүйг нотлох жишээ цөөнгүй. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилладаг харааны бэрхшээлтэй иргэн Ө.Мөнхтөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажилладаг Б.Болормаа нарыг дурдаж болно.
Сүүлийн үед “Ажиллах хүч дутмаг байна”, “Тогтвортой ажил хийх хүн олдохгүй нь” гэж ярих болсон. Тэгвэл тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдийн онцлогт тохируулсан ажлын байр бий болгочихвол дээрх асуудлыг бага ч болов шийдэх боломжтой. Тусгай хэрэгцээ шаардлагатай иргэд энгийн хүмүүсийг бодвол нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байдгийг албаныхан хэлсэн. Түүгээр зогсохгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд таатай орчин бүрдүүлж, ажиллуулбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас буцалтгүй тусламж авах эрхтэй. Энэ нь хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүст ажил олгосон байгууллагыг дэмжих нэг хэлбэр. Урамшуулал олгох дээрх заалтыг бүрэн хэрэгжүүлбэл зохих төлбөрөө ч төлдөггүй “том толгойтнууд”-ын хандлагад өөрчлөлт гарч болох юм.
Хуулиа хэрэгжүүлдэггүй байгууллагынхнаас авч буй мөнгөн дүнг нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн заавал авч ажиллуулахыг хуульд тусгах талаар тусгай хэрэгцээ шаардлага хүмүүс санал нэгтэй байдаг юм билээ. Хөгжлийн ялгаатай иргэдийг ажиллуулдаггүй аж ахуйн нэгж, байгууллагаас жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө авдаг нь хэтэрхий бага дүн учир хариуцлагаас мултрах хөшүүрэг болдог байж мэднэ. Тэднийг авч ажиллуулсанд нь урамшуулал үзүүлбэл ажил олгогч нар өндөр төлбөр төлөхөөс цааргалан, ажиллах таатай орчин бүрдүүлж, түүнээсээ урамшуулал хүртэхийг илүүд үзэх нь лавтай.
Тиймээс бага мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах бус, ажиллах таатай орчин бүрдүүлсэн байгууллагад гаргасан зардлыг нь буцаан олгох, хөнгөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандаж буй удирдлагуудын хандлагыг улирал бүр тодорхойлох нь чухал гэнэ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах шаардлагатайг ч Хүний эрхийн комиссынхон анхааруулсан. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл, хөдөлмөр эрхлэх чадамжийг зөв тодорхойлох хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.