Улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэд халдаг суултуурт хэзээ ч бие засаж үзээгүй. Хэвтэн эмчлүүлэгчид нь 5-7 хонохдоо усанд орох битгий хэл үсээ ч угааж чаддаггүй. Инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй орчинд бид тусламж, үйлчилгээ авсаар хэдийн даджээ. Тиймдээ ч АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт сэтгүүлчид очоод тэгтлээ гайхсан хэрэг. Японы эмнэлэгт ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлэхээр бүхий л орчин, нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулсан байв. Яг л өндөр зэрэглэлийн зочид буудал шиг. Шал, шатнаасаа эхлээд ариун цэврийн өрөө, шүршүүр, хүлээлгийн танхим зэрэг нь үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангасан. Япончуудын хүнээ, үйлчлүүлэгчээ дээдэлдэг сэтгэл нь жижигхэн зүйлээс ч харагдах аж.
АШУҮИС-ийнхан Баянзүрх дүүргийн нутаг, Ботаникийн цэцэрлэгийн хажууд цогцолбор хотхон бариулж буй. Үүнээс Анагаах ухаан, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Сургалтын эмнэлгийнх нь барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжөө суурилуулж буй тул Улсын комисст хүлээлгэн өгч байна. Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар манайд 170 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, их сургуулийн хотхон барьж өгч буй нь энэ. Сургалтын эмнэлгийг удахгүй нээхтэй холбогдуулан төслийн багийнхан сэтгүүлчдээр ажлаа давхар “шалгуулсан” юм.
Албан ёсны нэр нь цаашид Монгол, Японы сургалтын эмнэлэг байх бөгөөд гурван жилийн хугацаанд 600 гаруй хүн өдөр, шөнөгүй ажилласны хүчинд үүдээ нээхэд ийн бэлэн болжээ. Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ч анхан болон дунд шатны эрүүл мэндийн үйлчилгээ хоцрогдсон, тоног төхөөрөмжийн хангамж муугаас иргэд цаг алдаж эмнэлгийн тусламж авдаг хэвээр. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчний 90 хувийг бэлтгэдэг улсын том сургууль нь сургалтын баазгүйгээс төгсөгчдөө эмнэлгүүдэд хуваарилдаг. Тэнд нь сургалт явуулах боломжгүй тул оюутнууд төгсөөд хаачихаа мэдэхгүй гацаанд ордог байв. Эдгээр нөхцөлийг харгалзан, Монголд анх удаа их сургуулийн бааз эмнэлэг барьж, төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, Баянзүрх дүүргийн хүн амд Нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг даатгалаар үзүүлэх боломж бүрдэв.
Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгждэг төслүүдээс санхүүжилтээрээ дэлхийд дээгүүрт орох “Монгол, Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төсөл”-ийн нийт өртөг нь найман тэрбум иен. 15 730 ам метр талбай бүхий эмнэлгийн нэгдүгээр давхарт амбулатори байх бөгөөд гэмтэл, нүд, чих, дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, халдвартын кабинет байрлана. Мөн хүнд өвчтэй иргэдийг гаднаас тээвэрлэхгүйгээр, Яаралтай тусламжийн тасаг руу түргэн тус ламжийн машиныг шууд нэвтрүүлэхээр байгууламжийг барьсан нь манайд шинэлэг аргад тооцогдоно.
Монгол, Японы сургалтын эмнэлэгт одоогоор 104 ор суурилуулаад байна. Цаашид 300 ор нэмэх талбай хангалттай бий гэв. Хоёрдугаар давхарт мэс заслын дөрөв, Эрчимт эмчилгээ, Дуран, Дүрс оношилгооны тасаг байгуулжээ. Гуравдугаар давхарт Хүүхэд, Эмэгтэйчүүдийн тасаг, лаборатори, захиргаа, сургалтын танхим байрлах бөгөөд хичээл заах явцад резидент эмч, оюутнуудад эндээсээ мэс заслын үйл явцыг шууд харуулах боломжтойгоор барилгын загварыг нь гаргажээ. Суралцагчид хагалгааны явцыг дэлгэцээр биш бодитоор харна гэсэн үг. Мэс заслын өрөөнүүдийн тааз онгорхой, доторх агаар нь дээш сорогддог, вакум орчинтой тул өлөн тоос ч нэвтэрч чадахгүй аж.
Хонгилын давхарт ажилтнуудын хувцас солих өрөө, гал тогоо, цогцос хадгалах газар, техник, барилга, сантехникийн өрөө, ариутгах, халдваргүйжүүлэх хэсэг байрлана. Тус эмнэлгийн Хэвтэн эмчлүүлэх тасгийг нэг, хоёр, дөрвөн хүнтэй байхаар тохижуулжээ. Эмнэлгийн бүх өрөө “гүйдэг” хаалгатай. Гар хүрэх төдийд хаагдаж, онгойно. Өрөө бүр ариун цэврийн суултуур, угаалтууртай.
Эмнэлгийн орчин нөхцөл хэдий сайхан байгаад тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслүүд нь чанаргүй, эмч нар нь чадваргүй бол эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй байх нь ойлгомжтой. Монгол, Японы сургалтын эмнэлэгт биднийг очиход хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй, дэвшилт техник болох 1500 теслагийн хүчин чадалтай MRI, нэгэн зэрэг 160 зүслэг хийх СТ, мөн ангиографийн аппарат суурилуулж байв. Нийт 360 гаруй нэр, төрлийн тоног төхөөрөмж суурилуулах гэнэ. Эдгээр техник хэрэгсэлдээ түшиглэн нийслэлийн зүүн бүсийн хүн амд тархины харвалт, зүрхний шигдээсийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.
Монгол, Японы сургалтын эмнэлгийн “Менежмент, тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төсөл”-ийн дэд удирдагч Або Хироши “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь танай улсын тулгамдсан асуудлын нэг мөн. Тиймээс олон улсын жишигт нийцсэн эл эмнэлэгт өндөр түвшний тусламж, үйлчилгээ үзүүлэхээр зорьсон. Ингэхдээ япон маягийн менежменттэй байна. Үүнд нь эмнэлгийн менежмент зөв, зохистой байх, өвчтөн төвтэй тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, эмчилгээний сүүлийн үеийн, дэвшилт арга ашиглах, эмч нар багаар ажиллах, яаралтай тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг одоогийнхоос өөрчлөх явдал юм. Эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэхгүйгээр чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй. Тиймдээ ч тус эмнэлэг хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийнхөө хангамжид суурилан Монголд эмчлэх боломжгүй өвчний тоог цөөрүүлэх зорилго тавьсан. Үүний хүрээнд 200 гаруй эрдэмтэн, доктор Монголд 12 удаа сургалт явуулж, 1400 гаруй хүнийг мэргэшүүлсэн. Цаашид ч япон эмч, профессорууд ирж, хүмүүсийг сургасаар байх бөгөөд онош баталгаажуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болно” гэж ярилаа.
“Менежмент, тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төсөл”-ийг эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл, ашиглалтад оруулсны дараах үйл ажиллагаа гэсэн шатлалаар хэрэгжүүлж байна. Өнөөдрөөс тэд барилгыг хүлээлгэн өгсний дараах ажилдаа орж буй гэсэн үг. Барилгад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн “Азүса Сэккэй” интернэйшнл ХХК-ийн зөвлөх инженер Миёоши Оно “Үйлчлүүлэгч ирэхээс эхлээд үзлэг хийлгэж дуусаад, хаалгаар гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг газар дээр нь туршиж, эмнэлгийн үйл ажиллагаа иргэдэд саадгүй явагдах, эсэхийг хоёр сарын турш магадлана. Үйлчлүүлэгчид чирэгдэл учруулахаар зүйлийг тухай бүрт нь засах нь энэ ажлын зорилго. Эмнэлгийг ашиглалтад оруулсны дараа эхний ээлжинд амбулаторид байрлах тасгуудыг нээж, дараа нь мэс засал, хамгийн сүүлд хэвтэн эмчлүүлэх өрөөнүүдэд өвчтөн хүлээж авах юм. Ингэснээр япон маягийн, чанартай тусламж, үйлчилгээг аюулгүй үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн оюутнууд бааз эмнэлэгтээ дадлага, сургуулилалт хийж, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх юм. Мөн багш, ажилтнуудын орон сууц, оюутны байр,Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг сургалтын эмнэлэгтэй хоолойгоор холбох барилгын ажил үргэлжилж байна” гэсэн юм.
Монгол, Японы сургалтын эмнэлэг сэтгүүлчдийн “шалгалтад” ямар дүн авсныг дээрх баримтууд “хэлэх” байх. Тус эмнэлгийнхний ачаар иргэд гадаад явж эмчлүүлэх нь багасах биз ээ.