Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдаж байна. Тус сонсголын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрбээр "Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.
Тэр ч байтугай agaar.mn сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.
Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.
Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байна" гэлээ.