УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэг хүнтэй хариуцлага тооцохоосоо илүүтэйгээр парламентынхаа төлөвшлийг хэрхэн зөв авч явах вэ гэдэг дээр сургамж болох байх гэж бодож байна. Парламент бол улс орны хөгжлийн талаарх мэтгэлцээний талбар байх ёстой. Харамсалтай нь бид сүүлийн хоёр сарын хугацаанд улс оронд болж байгаа бүх зүйлийг орхиод ганцхан хүнийг огцруулах асуудалтай зууралдаж байна. УИХ-ын даргыг огцруулчихвал улс орон хөгжиж, амьдрал сайхан болох юм шиг үг үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Үүнийхээ хариуцлагыг ч үүрэх ёстой.
Мөн зарим гишүүн шударга ёс, зарчим ярьж байгаа хэрнээ чуулганы танхимд ороод ирэхээрээ бүхий л асуудлыг хамт яриад, “Намайг тэгэх гээд байна, тэгэж яриад байна” гэсэн хувийн эрх ашгийг хамгаалсан зүйл ярих ёсгүй.
Дээрээс нь энэ асуудлыг шийдсэнээрээ маргаашнаас бүх зүйл сайн сайхан болоод явах юм шиг ард түмний тархийг угааж, хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Улс оронд хийх ёстой зүйл олон байгааг гишүүд маань ярьж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Гишүүд өөр өөр байр суурьтай байна. Чөлөөлөхийг дэмжихгүй байгаа бүх гишүүнийг харлуулж, гүтгэж болохгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Гэхдээ бидний явж байгаа зам буруу тийшээ орж байна гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрч байгаа байх. Бид ямар нийгэм байгуулж, хаашаа яваад байгаа юм бэ гэдгээ хүн бүр тунгааж байгаа биз. Миний хувьд буруу явж байгаа замыг өөрчилж, зөв зам руу нь оруулах юм сан гэж боддог. Үнэхээр бид зэрлэг капитализмыг бий болгочихсон яваа. Уг нь ардчилал байгуулах энэхүү өөрчлөлтөд олон хүн итгэл хүлээлгэж байсан боловч хүлээлтээр байсангүй. Ард иргэд маань айдаст автсан. Дуугарвал дууг нь дардаг, зөрчилдвөл айлган сүрдүүлдэг, болохгүй бол барьж хорьдог нөхцөл байдал байгаа. Улс төрийн захиалгаар ажилладаг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг ил болгох ёстой. Сүүлийн жилүүдэд өрнөж байгаа үйл явдал хэрээс хэтэрлээ. Байгалийн баялгийг хууль бусаар авч, Эрдэнэтийг авах гэсэн, цаашлаад Оюу-Толгойг өөрийн болгох гэсэн оролдлого ил далд явагдаж байна. Би бүгдийг нь хэлээгүй. Гэхдээ энэ дотор масктай хүмүүс явуулдаг болчихсон. Цаагуур нь үүрэг даалгавар өгөөд, санаагаа гүйцэлдүүлдэг нь олон асуудал дээр харагдаж байгаа. Заримыг нь ч би өөрөө зогсоож байсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Зун, намаржингаа хэрүүл болж байж өнөөдөр нэг хүн ажлаа өгөөд энэ асуудал дуусах болов уу гэж бодож байна. Нэг цагийн дараа гэхэд М.Энхболд гэдэг хүн ажлаа өгөх байх. Одоо эрх баригч намд ажлаа хийх сонголт үлдэж байгаа. 2016 онд ард түмэндээ өгч гарч ирсэн амлалтаа биелүүл. Одоо энэ хэрүүлээ зогсоо. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудлыг ярьж л М.Энхболд гэдэг хүнийг огцруулж байна. Угтаа бол 60 тэрбумын схемыг ярилцсан, танилцсан гээд олон хүн байгаа байх. Өнөөдөр үнэхээр тус схем гэж байгаа бол эрх баригч МАН тэр схемээр нь төр барьж байгаа болж хувирна шүү. Иймээс гишүүд маань цаашдаа бодож байж ярих нь зүйтэй болов уу. МАН-аас нэр дэвшиж, томилгоо авч төрийн албад ажиллаж байгаа бүх хүн 60 тэрбумын хам хэрэгтэн болно.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Ерөнхийлөгчийг ажлаа авснаас хойш оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлж байна. Мөн баяр хүргэе. Харамсалтай нь нийгмийн сайн сайхны төлөө байж чадсан уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ. Үүнийг л зайлуулчихвал Монгол сайхан болно гээд байгаа. Харж л сууя. Энэ байдал цаашид хэвээр үргэлжилвэл дараагийн хүн нь хэн бэ. Дараагийн гарч ирсэн хүн дээр маш өндөр ач холбогдол өгнө.
Яасан ховхорч, ханзарч болдоггүй суудал вэ. Монголд асар их асуудал өрнөж байхад энэ тухай ярьдаггүй хэрнээ сандал суудал булаацалдахаараа УИХ нь гурван сарын хугацаанд ийм байдалтай байлаа. Саяны Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал зах дээр аз од тоглуулж байгаа юм шиг юм боллоо. Миний харж байгаагаар Их хурлын дарга бол нэг нэвтрүүлэгч л шүү дээ. Нэг нэвтрүүлэгчийг солихын тулд яасан их юм болдог юм бэ. Хүмүүсийн бэлдэж өгдөг юмыг уншдаг л хүн юм байна лээ. Ангийн даргад хамгийн шударга зөв хүнээ тавьдаг.
Энэ хүнийг ёс зүйн хувьд Монгол түмнээс уучлал гуйх болов уу гэж их харлаа. Хэсэг ч судлалаа. Буусан, эс буусан ч энэ хүнээр уучлал гуйлгах ёстой.
Тэр нэг бичлэгийн төгсгөлд та үг хэлээч гэхэд “Би цээжлээгүй байна” гэж байсан. Мөн тэр бичлэг дээр нэг бүсгүй байгаа. Ард түмнийг цагаан цаас гэсэн. Тэр эмэгтэйг хэн бэ гэдгийг зарлатал шаардах ёстой. Мөн цаана нь үг зааж өгч, нэвтрүүлэгч болгодог хүн нь хэн бэ. Та нар үнэнд ялагдаж байна.