УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Нууцаар санал хурааж, тооллогын комиссын гишүүнээр Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажиллав. Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд тогтоолын төслийг 8 гишүүн дэмжсэн бол 8 гишүүн татгалзжээ. Харин нэг хүчингүй саналын хуудас гарсан гэдгийг тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, нийт хүчинтэй саналын 50 хувь тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн санал өгчээ. Ийнхүү тооллогын комиссын тогтоолыг батлах талаар санал хураахад 82.4 хувь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан түр завсарлав.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.