Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Би гишүүдийнхээ ярьж буй парламентын дархлааны асуудал дээр санал нэг байгаа. Өнөөдөр энэ танхимд шударга ёс яриад сууж байгаад нь хувь хүнийхээ хувьд ичиж байна. МАН-ын хувьд ичиж үхмээр юм болж байна.
Шүүх, хууль хяналтын байгууллага энэ хүнийг буруутай гэдгийг тогтоогоогүй, 60 тэрбумын асуудал яригдахад тус өрөөнд байгаа үгүйг нь тогтоогоогүй байхад ёс зүйн хариуцлага үүрэх ёстой гэж яриад байх юм.
Тэр 60 тэрбумын схемыг сонссон хүн сонинд ярилцлага өгөхдөө тус схемыг У.Хүрэлсүх даргад танилцуулахад Хүрэлсүх дарга “Энэ их сайн схем болсон байна. Үүнийг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлсэн байсан. Иймд байсан, байгаагүйг нь тогтоогоогүй байхад огцруулах асуудал яригдаж байгаа юм чинь энэ шударга хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн араас явах байх гэж найдаж байна. Зарчим адилхан л үйлчлэх ёстой. МАНАН-гийн Засгийн газарт байсан хүмүүсийг ч шалга. Баттулга, Лу.Болд, Сү.Батболдоос эхлээд шалга. Шударга ёс яримаар байвал бусад асуудлаа ч орхихгүй яваарай. Дээрээс нь ЖДҮ байна. Ард иргэдийн хамгийн их бухимдлыг нь хүргэж байгаа асуудал шүү дээ.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ард иргэдийнхээ итгэлийг алдахаас айдаг” гэж хэлсэн байсан. Угтаа бол манай нам итгэлийг нь алдчихсан шүү дээ.
УИХ-ын дарга М.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг холбоотой юу гэж О.Баасанхүү гишүүн асууж байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг хувьчиллаа гэж мэдэгдэж байсан.
Би тухайн үед МАН-ыг даргалж байсан хүний хувьд МАН сонгуульд олонх болвол 49 хувийг шалгуулна гэж мэдэгдэж байсан. Дараа нь үүнийг шалгах УИХ-ын тогтоол гарахад би дэмжиж кноп дарсан. Харин зарим гишүүн УИХ-ын тогтоол гарахад үг үсгийн засвар өөрчлөлт хийх талаар ажиллаж байсан гэсэн буруу ташаа мэдээллийг өгч байгаа. Би бол 49 хувийн хувьчлал, 51 хувийн өр ширийн асуудлыг шалгах байр сууртай байгаа.
Эрдэнэт үйлдвэрийг Сингапурын компанид зарах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнийг надтай холбож, энэ асуудлыг шийдэгдтэл ажлаа өгөхгүй байна гэж худал мэдээлэл тарааж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Уг нь УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох асуудал л яригдаад байгаа юм. Ерөнхийлөгчөөс өргөн бариад энэ хуулин дээр “УИХ-д албан ёсоор тавьж” гээд орчихсон юм. Үүнийг 39 гишүүн гарын үсгээ зураад өргөн барих гэж ойлгож байгаа.
Парламентын дархлааны талаарх асуудал дээр би санал нэг байгаа. Тиймээс ч их хурлын даргыг өөрөө өргөдлөө өгөх нь хамгийн зөв гарц байсан юм. Энэ боломж одоо ч бий.