Канад Улсад ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын Нийтийн албаны зөвлөлийн Ерөнхийлөгч Патрик Борбей, Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрел, Канадын Парламентын гишүүн Брад Трост нартай тус тус уулзав.
Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад “Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл 2018 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн, мөн тус төслийн шугамаар Канадын Нийтийн албаны зөвлөлөөс Оттава хотноо сургалт зохион байгуулсанд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Патрик Борбейд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад Төрийн албаны шинэчилсэн хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнийг мэдээлж тус хуулийг боловсруулахад канадын талын зөвөлгөө, дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсны дурдаад цаашид Монгол Улсын Төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд Канадын Нийтийн албаны зөвлөлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн захидлыг Ерөнхийлөгч Патрик Борбейд гардуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрелтой хийсэн уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож ойрын жилүүдэд хамтран ажиллах тодорхой чиглэлээ тодорхойлохоор санал нэгдэв. Канадын баруун бүсийн нутаг, ялангуяа, Алберта мужийн фермерүүдэд ажиллах хүчин дутагдаж буйтай уялдуулан Канадын Түр ажиллах хүчний хөтөлбөрт Монголоос хамрагдан фермерийн аж ахуйд туслан ажиллах боломжийн талаар хамтран судлахаар ярилцав. Төрийн нарийн бичгийн дарга Туслах дэд сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсанд талархан хүлээж авав.
Канадын Парламентын гишүүн Брад Тросттой хийсэн уулзалтаар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож элэгсэг дотно ярилцав. Хоёр орны Парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буйд баяртай байгаагаа хоёр тал харилцан илэрхийлж, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.