-Дараагийн дарга нь хэн бэ-
Гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэх хууль хэрэгжиж эхэлсэн даруйд буюу өнгөрсөн баасан гарагт Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслөө өргөн барив. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Уг төслийг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс (өнгөрсөн баасан гараг) хойш чуулганы нэгдсэн хуралдаан хийх хамгийн наад талын бололцоотой өдөр нь ирэх долоо хоногийн мягмар (маргааш) гараг буюу 29-ний өдөр. Энэ өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны, 10.00 цагаас нэгдсэн хуралдаан хийж, УИХ-ын даргыг чөлөөлөх, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой. Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр ч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлснээр хэрэглэх ёстой. Сэтгүүлийн эхийг өчигдөр хэвлэлтэд өгсөн, 28- ны даваа гарагт хэвлэгдэх юм байна. Тиймээс хуулийг 28-наас хэрэглэнэ гэсэн үг. Нөгөө талаас энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт уг төсөл ороогүй, дөнгөж сая өргөн барьсан. Одоо шууд хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг. Албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл алга. Хуулийн дагуу чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс Цагаан сарын наана УИХ-ын даргыг шинээр томилох нь зүйтэй” хэмээн мэдээлэл хийсэн.
Есдүгээр зүйл. УИХ-ын даргыг сонгох
- 9.1 Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-ын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ.
- 9.2 Аль ч нам, эвсэл 39 ба түүнээс дээш суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
- 9.3 Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
- 9.4 Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг илээр явуулна.
- 9.5 Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бол түүнийг УИХ-ын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
- 9.6 Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол өөр хүний нэрийг дэвшүүлж энэ зүйлд заасны дагуу сонгоно.
- 9.7 Гишүүд байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авах, үг хэлж, байр сууриа илэрхийлэх эрхтэй.
УИХ-ын тухай хуулиас
Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, М.Энхболд даргын хэлсэнчлэн маргааш хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм. Зөвлөлийн шийдвэрийн талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг даваа, байнгын болон дэд, түр хорооны хуралдааныг мягмар, лхагва, чуулганы нэгдсэн хуралдааныг пүрэв, баасан гарагт хуралдуулахаар хуульчилсан байдаг. Иймд даваа гарагт нэгдсэн хуралдаан хийх боломжгүй” хэмээн тайлбарласан.
Юутай ч маргааш УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх нь. Намын бүлгүүдээс завсарлага авч, нээнтэглэхгүй л болов уу. Харин түүний халааг хэн авах бол. Хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг томилохтой холбоотой зүйл одоогоор алга. Мэдээж хэнийг нэр дэвшүүлэхээ эрх баригчид тохиролцчихвол томилох нь тийм ч төвөгтэй ажил биш. Нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдтой “дайн зарласан” үеэс л дараагийн дарга хэн байх вэ гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөсөн. Өнөөдрийг хүртэл энэ албанд цөөнгүй хүнийг албан бусаар “нэр дэвшүүлээд” байна. Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат нарын зарим нь холбогдох мэдээллийг эрс үгүйсгэж, УИХ-ын дарга болохгүйгээ мэдэгдээд буй. Ардын намынхан эв нэгдлээ хангахын тулд байгуулсан ажлын хэсгийн түвшинд талууд хэнийг УИХ-ын дарга болгох вэ гэдгээ тохирч чадахгүй байгаагаас М.Энхболдыг чөлөөлөх ажиллагаа ингэж сунжирч, гацсан гэх нь ч бий. Үүнийг ч зарим нь үгүйсгэсэн.
Харин “М.Энхболдыг арайхийж буулгачихаад тэдний талаас дараагийн даргыг томилох нь юу л бол” гэсэн таамаглал үнэнд ойр байж мэднэ. Тиймээс ч Ц.Нямдорж, Н.Энхболд хоёрын аль нэг нь УИХ-ын дарга болж магадгүй гэх таамаглал хамгийн бодитой нь байв. Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цэргийн алба хаагч амиа алдсан дуулиан дэгдсэн нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-ын дарга болох нь бүү хэл, сайдаасаа огцрох ёстой гэх шүүмжлэл дагууллаа. Өмнөх парламентын үед МАН-ын 26 гишүүнтэй бүлгийг удирдаж явсан Н.Энхболдын нэр энэ удаа ч УИХ-ын даргад яригдаж байгаа юм биш л дээ, уг нь. Тиймээс ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тунаж үлдлээ гэх маягийн яриа сүүлийн өдрүүдэд газар авав бололтой. Гэвч тэр УИХ-ын дарга байхдаа “хууль зассан” хэмээн Үндсэн хуулийн цэцээс “яллагдаж”, албаа өгсөн түүхтэй. Энэ нь түүнийг баалах том шалтаг болох нь тодорхой ч Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгочихвол Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг М.Энхболдын талд өгнө гэж тохирсон гэх яриа ч байна.
Намрын ээлжит чуулганыг хоёрдугаар сарын 10 гэхэд хаах ёстой. Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сарын 5-наас эхэлж буй. Өөрөөр хэлбэл, УИХ энэ долоо хоногт ажиллаад л “амарчихад” гайхах зүйлгүй. Цагаан сарын өмнө ээлжит чуулганыг хаадаг бичигдээгүй хуультай гэхэд болно. Гэхдээ төрийн золголтод УИХ-ын шинэ даргыг оролцуулахын тулд намрын чуулганы хугацааг сунгах бололтой. Ерөнхийлөгч ч хугацаа сунган хуралдуулахыг хүсэж буйгаа албан ёсоор илэрхийлээд буй бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд “Ээлжит чуулганыг үргэлжлүүлэхийг хүсэж Ерөнхийлөгчөөс албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан. Энэ тухай албан бичгийг хоёр бүлгийн дарга нарт хүргүүлсэн. Бүлгүүдээс санал ирүүлбэл шийдэх боломжтой. Бид энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа шийдвэрлэлгүй, цаг алдсан зүйл бий” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.