'Венесуэлийн хямрал төрийн эргэлт хийх гэсэн оролдлого болон хувирав. Сөрөг хүчнийхэн олонх болсон парламентын дарга Хуан Гуаидог тус улсын Ерөнхийлөгч гэж Америкийн удирдагч Дональд Трамп хүлээн зөвшөөрчээ. Мөн ийм мэдэгдлийг Канад, Бразил, Парагвай, Перу, Колумби, Гватемал, Аргентин, тэрчлэн Америкийн улсуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагро ч хийсэн байна. Хуан Гуаидо урьд нь өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад, улсынхаа Зэвсэгт хүчнээс дэмжлэг хүсэж, Венесуэлд чөлөөт сонгууль хийхийг уриалжээ. Харин бие даасан улсын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс саад болж байна гэж ОХУ-ын эрх баригчид үзэж буй юм.
“ВЕНЕСУЭЛИЙН АРД ТҮМЭН ХАНГАЛТТАЙ УДААН ЗОВЛОО”
Парламентын олонх болсон Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо лхагва гарагт болсон цуглааны үеэр гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг гартаа авч, дарангуйлагчийн засаглалыг унагахаа амлажээ. Үүний дараа Д.Трамп Николас Мадурог хууль бус удирдагч гээд, Венесуэлийн ард түмний сонгосон, засаглалын цорын ганц байгууллагыг тэргүүлэгч нь Х.Гуаидо хэмээн мэдээлжээ.
ХУАН ГУАИДО ГЭЖ ХЭН БЭ
Венесуэлд авсан хоригоо эрс чангатгаж, эрх баригчид нь сөрөг хүчнийхээ эсрэг хүч хэрэглэвэл авах арга хэмжээний бүх хувилбарыг авч үзэхээ Цагаан ордон тэмдэглэсэн. “Дарангуйлагч Николас Мадурогийн улмаас Венесуэлийн ард түмэн хангалттай удаан зовлоо. Иргэдийнхээ хүсэн хүлээсэн, хууль ёсны удирдагчид зайгаа тавьж өгөхийг Мадурод бид уриалж байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нэмж хэлжээ.
Үүний сацуу Хуан Гуаидог Венесуэлийн жинхэнэ удирдагч гэдгийг Канад зэрэг зургаан орны эрх баригчид болон Америкийн улсуудын байгууллага хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ бөмбөрцгийн баруун тал хэсгийн орнууд эв санаа нэг бус. “Мексикийн Засгийн газар Николас Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгчөөр урьдын адил хүлээн зөвшөөрч байна” гэж Мексикийн ГХЯ-ны төлөөлөгч Роберто Веласко мэдэгдсэнийг “El financiero” сонин эш татжээ.
Харин ОХУ-ын парламентын дээд танхимын Олон улсын харилцааны хорооны тэргүүн Константин Косачев “Венесуэлийн талаар баримталж буй АНУ-ын өнөөгийн бодлого, түүний дотор Д.Трампын сүүлийн мэдэгдэл нь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд, хүндэтгэлгүйгээр саад болж буй хэрэг” хэмээн мэдэгдэв. Сенатчийн хэлснээр Америкийн шууд оролцоотойгоор Ливийн төрд хийсэн өөрчлөлт юунд хүргэснийг, Ирак улсад урьдын адил ямар хүндрэл учирч буйг, Сири улс арай тийм байдалд хүрээгүй болохыг дэлхийн олон нийт мэдэж буй. “Венесуэл ч тэдгээрийн эгнээнд орж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
“МАДУРО ОГЦОР!”
Лхагва гарагт болсон жагсаал, цуглаанд оролцогчид 2013 оноос хойш тус улсыг удирдаж буй, хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн хувиар дахин тангараг өргөсөн Н.Мадурог огцрохыг шаардаж байв. Түүнийг тангаргаа өргөж байх үед Х.Гуаидог өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлахыг жагсагчид уриалсан ч армийн дэмжлэг хүлээж буй нэрийдлээр зайлсхийжээ. Ямар ч мөргөлдөөнд Зэвсэгт хүчин нь эрх баригчдаа дэмждэг байдал одоо өөрчлөгдсөн аж. Энэ сарын 21-нд нийгмийн сүлжээ, хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдээс үзвэл Каракас хотод Үндэсний гвардын дайчид нь Ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлэхээс татгалзжээ. Гэхдээ жагсаал, цуглааныг нулимс асгаруулагч хий ашиглан хүчээр дарсаар байна.