Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлэв. Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод, нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгойлон анхааруулсан. Улсын эдийн засаг өнгөрсөн оны эхний гурван улиралд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өссөн, улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсан, макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан зэргийг дурдаад, “Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжээд байсан эдийн засаг эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлж байна” хэмээн эдийн засгийн байдлыг дүрсэллээ.
Ерөнхий сайд “Монгол Улс нефтийн үйлдвэртэй болно. Төв цэвэрлэх байгууламжийн ажил хавар эхэлнэ. Нисэх буудал долдугаар сард ашиглалтад орно. Үүнийг дагаад дагуул хотууд бий болно. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр Засгийн газар гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан.
Нийслэлд 220 мянган айл жилд 1.2 сая тн түүхий нүүрс шатааж байна. Ийм хэмжээний бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Үүн дээр нам даралтын 3000 зуух нэмэгдэнэ. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш түлснээр агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувиар бууруулах ажлыг зохион байгуулах гол хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн. Энэ ажилд та бүхний оролцоо чухал” гэв.