Өнөөдөр өглөө нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын дарга М.Энхболд 13.00 цагаас УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулж, уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, дараагийн мягмар гарагийн чуулганаар хэлэлцүүлж, батлуулна хэмээн мэдэгдсэн. Харин уг төслийг өргөн барьсан Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргав. Харин УИХ-ын дарга М.Энхболд "Өнөөдрийн хүчин төгөлдөр Дэгийн тухай хуулийн дагуу нааш нь татаад, хамгийн бололцоотой өдөр бол мягмар гараг гэж тогтсон. Тиймээс энэ сарын 29-ний мягмар 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулаад, 10.00 цагаас чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжтой. Ирэх долоо хоногт шинэ даргыг томилоод явах боломж байгаа" гэв.
Ингээд тус гишүүдийн гаргасан горимын саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.