ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нар энэ сарын 22-нд Москваад уулзжээ. Энэ удаа Яоны Ерөнхий сайд Даосын дэлхийн эдийн засгийн уулзалтад орох замдаа Москвагаар дайрчээ. Хоёр улсын тэргүүн нар хагас жилийн дотор дөрөв дэх удаагаа уулзаж байгаа нь энэ.Уулзалтын өмнө Японы хэвлэл мэдээлэл хоёр улсын хоорондох энхийн тохиролцоо болон Курилийн асуудалд 2019 онд ахиц гарах магадлалтай тухай урьдын адил шуугисан авч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гарсангүй.
“Саналыг маань хүлээн авч Швейцарт болох олон улсын арга хэмжээ орох замдаа Москвагаар дайрсанд чамд талархаж байна” гэж Путин Японы Ерөнхий сайдыг угтсан байна. Оросын Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлснээр тэрээр дэлхийн удирдагчдаас гурвыг нь л “чи” хэмээн найзархан дууддаг аж. Эл уулзалтаас хоёр долоо хоногийн өмнө энхийн тохиролцоонд цэг тавина гэж амласан Синзо Абэ энэ сарын 14-нд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын төвшинд болсон уулзалтын үр дүнг харгалзан дээрх асуудлыг сайтар хэлэлцэхийг мэдэгджээ. Путин, Абэ нарын уулзалт гурван цаг гаруй үргэлжилсэн боловч уулзалтын үр дүнд тухайн асуудлаар ахиц гарсан талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. “Биднийг урт удаан хугацааны нарийн чимхлүүр ажил хүлээж буйг онцолмоор байна... Мэдээж хэрэг хэлэлцээр хийгчдийн санал болгох шийдвэр Оросын ч, Японы ч ард түмэнд нийцсэн, хоёр улсын нийгэм дэмжихүйц байх ёстой” гэж Владимир Путин мэдэгджээ. Абэ өөрийн зүгээс “Дайн дууссанаас хойш 70 жил шийдэгдээгүй асуудалыг шийдэх нь амаргүй боловч бид хийх ёстой. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын дараагийн уулзалтыг ирэх хоёрдугаар сард төлөвлөсөн бөгөөд Мюнхенд болох Аюулгүйн чуулганы талбарт болж магадгүй” гэж хэлсэн байна.
Улс төр судлаачдын үзэж буйгаар сүүлийн уулзалтуудыг Японы тал түүхэн хэмээн илтэд дэвэргэж, Ерөнхий сайд Абэ асуудлыг шууд шийдэхээр зорин дипломат мэдээллийн аргаар дэвшил ойрхон байгаа мэт уур амьсгалыг албаар бий болгосон аж. Үүгээрээ Абэ Японы олон нийтийн саналыг аажмаар буулт хийх ёстой гэсэн ойлголт руу түлхэж, оросууд алтан боломжоо алдлаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг оролдож байна гэж тэд дүгнэжээ. Харин Оросын тал үүнийг ойлгоогүй төдийгүй дургүйлийг төрүүлсэн аж. Эл уулзалт энхийн гэрээг байгуулах явц үргэлжилсээр, гэхдээ мар ч үр дүн байхгүй гэснийг олонд ойлгуулах гэсэн алхам байлаа Оросын талд уг асуудлын явцыг цааш үргэлжлүүлэх нь чухал бол . Японы хувьд үр дүн хэрэгтэй ч энэ бүхэн одоохондоо зөвхөн “зан үйлийн” л хэмжээнд явж буйг тэд ойгох аж. ОХУ болон Япон улсын хоорондын энхийн гэрээ байгуулах асуудал хэдхэн хэлэлцээрийн дараа шууд шийдэгдчих зүйл биш тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суг өнөөдөр Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Эл мэдэгдлийнхээ хажуугаар тэрээр Путин, Абэ нарыг “хоёр улсын харилцааны янз бүрийн салбарт маш үр бүтээлтэй уулзалт хийлээ” гэж дүгнэжээ.