Ерөнхий сайд хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан гэх мэдээлэл цахим орчинд тархах болсон. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас тодруулахад "Одоогоор ЗГХЭГ болон Засгийн газарт Нийслэлийн Засаг даргыг батламжлуулах бичиг ирээгүй байна. НИТХ-аас томилсон асуудал учир энд шийдэгдэх ёстой. Ер нь Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч хуулийн дагуу тодорхой болзлуудыг хангасан байх ёстой. Тодруулбал, төрийн албанд тодорхой хугацаагаар ажилласан байх, татварын өргүй гэх мэт. Эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотолсон бичиг баримт ирэх ёсой гэж үзэж байна. Батламжлуулах бичиг ирэхгүй удаж байгаа нь үүнтэй холбоотой эсэхийг мэдэхгүй байна.
Хотын даргыг батламжлах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ингэхдээ тав хоногийн дотор батламжилна гэж хуулинд заагаагүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзвал НИТХ-аас дараагийн хүний нэрийг дэвшүүлж оруулж ирнэ. Харин үүнийг тав хоногт багтаан батламжилна гэсэн заалт бий. Бидний зүгээс уг асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэхийг зорьж байгаа. Гэхдээ эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримт нь ирээгүй байгаа учраас шийдвэр гарах боломжгүй. Гадуур яригдаад байгаа шиг манай, танай хүн гэж талцаж хуваагдсан зүйл байхгүй. Хуулийн дагуу л явагдаж байгаа" гэлээ.