Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг сонирхуулж байна.
Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа
Нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд 670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас орсон байна. Энэ нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалт өссөн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэн, төсвийн сахилга батыг чанд баримталж тодотгол хийгээгүй, Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой гэж Сангийн яам үзжээ.
Батлагдсан төсвийн санхүүжилт 92 хувьтай байна. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, газрын асуудалтай холбоотой байжээ.
Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурчээ. Цашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолж байгаа аж.
Шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр буурууллаа
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдсэн.
Дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурч байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.
Ерөнхий сайдын "хатуу" үг
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсөн. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Энэ үеэр түүний хэлсэн үг олныг шуугиулаад байсан юм.
"Дарга нар, төрийн албан хаагчид аа, том том алтан цаг зүүхээ больцгоо. Хүн цохиод алчихмаар том алтан үзэг барьж, сваровский (Swarovski) шигтгээтэй брэндийн цүнхнүүд барьдагаа больцгоо. Та бүхэн гаднын төрийн албан хаагчдыг ажиглаад үзээрэй. Би нийтдээ дөрвөн удаагийн айлчлал хийлээ. Гаднын төрийн албан хаагчдыг өөрсөдтэйгөө харьцуулаад нэг үзээрэй. Ядарсан Монголын нэг сая төгрөг хүрэхгүй цалинтай төрийн албан хаагчид мянга мянга долларын үнэтэй цүнх, үзэг бариад сууж байгаа шүү дээ. Биднийг гадныхан юу гэж харах вэ? Баян тансаг зүйл хэрэглэмээр байвал чөлөөнд эсвэл тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэ. Эсвэл хувийн хэвшилд шилжсэнийхээ дараа алт мөнгөн үзгээ барьж, цагаа зүүцгээ. Үүнээс төрийн албаны эмх цэгц эхэлж байгаа шүү" хэмээн онцоллоо.
Эмч, төрийн албан хаагчдын цалин нэмж, тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, ахмадын тэтгэвэр, цалин хөлсийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эдийн засгийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээх зорилгоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байна. Мөн төрийн албан хаагчдын буюу багш, эмч нарыг цалинг шат дараалалтайгаар 29.6 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Нөгөө талаар, цалинг нь нэмэгдүүлснийхээ хэрээр иргэн төвтэй, иргэддээ зөв үйлчилдэг байх шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм" гэлээ.
Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122.000-170.000 мянгаар нэмэгдлээ.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 267 тэрбум төгрөгийг 2019 оны улсын төсөвт суутгуулсан. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тухайлбал, 191 мянган төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээр тооцож олгоно. Төрийн албан хаагчдийн цалинг 21.6 хувиар, багш, эмч нарыг цалинг 29.6 хувиар нэмэгдүүллээ.
Товчоор хэлбэл, төрийн албан хаагчдын дундаж цалин 2018 оны дунджаар 804 мянган төгрөг байсан бол энэхүү арга хэмжээг авсны дараа 2019 онд 916 мянган төгрөг болж, 2018 оны эцсээс 21.6 хувиар нэмэгдлээ.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгож буй ахмадын тэтгэврийг энэ оны хоёрдугаар сарын 01-нээс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 310 мянган төгрөгт хүргэхээр боллоо. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч байгаа бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянган төгрөгт хүрч байна" гэлээ.
Бага насны буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргасан. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцээгүй, хэрэв шаардлагатай тохиолдолд ирэх Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдсэн. Гэтэл томуугийн дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн 0-5 хүртэлх насны хүүхдээ асрахаар 3-5 хоног чөлөө авсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан талаар ЗГХМА-аас мэдээллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахыг прокуророос хүслээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газарт прокуроруудтай уулзалт хийх үеэрэээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахыг прокуророос хүсэж, 176 хуудас баримт өглөө.
Тэрбээр "“Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой маш тодорхой мэдээлэл нийгэмд цацагдаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж байна. Гэвч, юу ч өөрчлөгдсөнгүй. Ингээд харахад жилийн өмнө хэлж ярьж байсан асуудлууд шийдэгдсэн үү гэвэл би “үгүй” гэж хэлмээр байна. Монголын прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Гэтэл олны анхаарал татсан албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэх асуудал яригдсаар байна. 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалтнууд эрх мэдэл нөлөөллөө ашиглан авсан хэргийг шалган шүүхэд аваачих нь та нарын үүрэг. Мөн эдгээр хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, албан хаагчдын асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн. Төрийн албыг арилжсан хэргийг эвлүүлэг болгосон албан тушаалтнууд нь одоо хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Мөн Б.Амгаланбаатарын асуудлыг оруулж ирэх хэрэгтэй" хэмээн онцоллоо.
Хотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргыг сонголоо. Эхний санал хураалтад хоёр нэр дэвшигч 21, 21 саналаар тэнцсэн тул дахин санал хураалт явууллаа. Санал хураалтад 43 гишүүн оролцсоноос 24 гишүүн буюу 55.8 хувийн саналаар С.Мөнхчулуун Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо.
Хурал дууссаны дараа түүнээс Нийслэлийн Засаг даргаар томилогдвол хамгийн түрүүнд ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхийг нь тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдөр НИТХ-ын хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралд 43 гишүүн ирснээс 24 нь намайг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Миний хувьд хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг зуун хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Ингэхийн тулд үлдэж буй 1.5 жилийн хугацаанд хурдтай, олуулаа хамтарч ажиллах ёстой. Мөн нийслэл хотын утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэнэ.
Үүнээс гадна Улаанбаатар бол хүүхдэд ээлтэй, ажилтай орлоготой хот байх ёстой. Иймд 45 төлөөлөгч, есөн дүүрэг, 33 агентлаг, 28 төсөвт үйлдвэрийн газруудад хөрөнгө төсвийг нь олгоод, төсвөөс гаргасан нэг төгрөгийнхөө төлөө хяналт тавьж ажиллана. Харин халгаа сэлгээ, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөхийн хувьд Засгийн газар шийднэ. Миний хувьд одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнийг илүү чадавхижуулж явах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Тэрнээс биш өөрчлөлт хийж, халж сольсноор ажил урагшлахгүй" гэв.