Л.Болд гишүүн мэдээлэл хийсний дараа гишүүн Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр “Гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг “Богд” банкны талаар худал мэдээлэл тараасан гэлээ. Түүний хувийн “Богд” банк нь Хөгжлийн банкны 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансандаа байршуулж буй талаар сар орчмын өмнө Н.Амарзаяа гишүүн хэлж байсан. Би үүнээс ч өмнө ипотекийн найман хувийн зээлтэй холбогдуулан “Богд” банкны талаар ярьсан удаатай. Намайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед Л.Болд гишүүн банкандаа 150 сая ам.долларын бонд босгох хүсэлт гаргаж, дэмжүүлэхээр хэд хэдэн удаа уулзсан. Гэхдээ түүний хүсэлтийг биелүүлээгүй. Тиймээс надад янз бүрийн зүйл санадаг байж магадгүй. Өчигдөр (өнгөрөгч пүрэв гараг) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр энэ талаарх баримтыг дэлгэнэ гэж хэлсний төлөө Л.Болд гишүүн намайг “цуст алуурчин” гэж хэд хэдэн удаа орилсон” гээд “Богд” банктай холбоотой зарим мэдээлэл дуулгав.
Тэрбээр “2018 оны долдугаар сарын 26-нд хийсэн гэрээнд зааснаар данс эзэмшигчээс буюу Хөгжлийн банкнаас “Богд” банканд тохиролцсон хугацаанд байршуулж буй найман сая ам.долларыг 2019 оны долдугаар сарын 31 хүртэл харилцах дансандаа байршуулна гэсэн байна. Мөн 2018 оны аравдугаар сарын 24-нд Хөгжлийн банк, “Богд” банкны хооронд дахин байгуулсан гэрээнд байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. “Богд” банк жижиг учраас одоогоор хадгаламж авах эрхгүй. Тиймээс ийм их мөнгийг харилцах дансандаа байршуулж байгаа юм.
Энэ оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 17-нд дахин гэрээ байгуулсан баримт бий. Ингэхдээ Монголбанктай үнэт цаас барьцаалах гэрээ хийсэн”
гээд Л.Болд гишүүнийг шүүхэд өгснөө мэдэгдэв.
Бэлтгэсэн: Б.Уран