Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Улсын ерөнхий прокурорт хандаж иргэний хувиар гаргасан, Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар НПГ-т шилжүүлжээ.
Уг баримтуудыг НПГ-ынхан өчигдөр хүлээн авч, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан “Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа-Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ-ын болон Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмжийг илтэд зөрчсөн” гэх эрүүгийн 180200112 дугаартай хэрэгт хамтатган шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд шилжүүллээ. Дээрх дугаартай хэрэгт Шведэд сууж байсан Элчин сайд М.Энхсайханыг шалгахаар дуудан ирүүлсэн байна. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт дээрх төслүүдийг урагшлуулах ажил хариуцсан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан билээ.