Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
"Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой" гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.
Тиймээс Байнгын хорооны гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн тул энэ саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.