Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Ч.Бямбаа нарыг яллагдагчаар тооцон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. Эл захирамжийг Д.Дорлигжав, Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар эсэргүүцэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнгөрсөн даваа гарагт хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нар шинээр нотлох баримт гаргах шаардлагатай учраас хойшлуулах хүсэлт гаргаснаар өчигдөр хэлэлцэв. Д.Оросоо, А.Ууганбаяр нарын гаргаж өгсөн нотлох баримтад Т.Ганболд 18 сая ам.доллар бус, 23 сая ам.доллароор “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан, С.Паушокоос ирүүлсэн захидалд Д.Баатарт хоёр сая ам.доллар шилжүүлэх талаар Т.Ганболдод үүрэг чиглэл өгч байсан тухай зэрэг хэд хэдэн зүйл байсан аж. Шүүгч эдгээр баримтыг ач холбогдолтой гэж үзээд мөрдөгчөөр шалгуулан шийдвэрлэтэл өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон байна.
АТГ, НПГ-аас Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай (NRI), “Пайонеринг интернэйшнл” компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж буй юм. Дүүг нь хэрэгт хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа