Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газарт прокуроруудтай уулзалт хийлээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахыг прокуророос хүсэж, 176 хуудас баримт өглөө.
ТӨРИЙН ТЭРГҮҮН ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ, ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд би хоёр дахь удаагаа ирж оролцож байна. Жилийн өмнөх зөвлөгөөн дээр Та бүхэнд хандаж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Санаж байгаа гэдэгт найдаж байна.
Би зарим үгээ дахин сануулъя гэж бодож байна. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд их хэлж байгааг би та бүхэнд дамжуулж, оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх тухай хэлж байсан. Та бүхэн санаж байгаа байх. Энэ талаар ямар нэг зүйл болсонгүй бүтэн нэг жил өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой маш тодорхой мэдээлэл нийгэмд цацагдаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж байна. Гэвч, юу ч өөрчлөгдсөнгүй. Та бүхэн надтай санал нэг байгаа байх.
Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой маш олон буруутгал, шинэ хардалт, таамаг дахин нийгэмд тархаж байгаад анхаарал хандуулж иргэдийн хүлээлтийг зөв, бодитой болгох тал дээр тодорхой ажил хийгдсэнгүй.
Ингээд харахад жилийн өмнө хэлж ярьж байсан асуудлууд шийдэгдсэн үү гэвэл би “үгүй” гэж хэлмээр байна. Монголын прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Гэтэл олны анхаарал татсан албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэх асуудал яригдсаар байна.
Прокурорын байгууллага, Ерөнхий прокурортой би хамтарч ажиллах тал дээр маш их хичээл зүтгэл гаргасан. Нийгэмд яригдаж буй албан тушаалын хэргүүдийг илрүүлье гэж чармайн ажиллаж байгаа.
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна, шударга ёс?” гэж асууж байсан. Үүнийг Монгол орон даяар харж, сонссон. Би яг тэр асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой. Ийм тангарагтай, ийм мөрдэстэй хүмүүс шүү та бүхэн.
Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өөрөө үүнийгээ хүлээсэн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу?
Б.Амгаланбаатар прокурор энд сууж байна. Асуудал гарсан даруйд би өөрийг чинь дуудаж уулзаад шударга ёс танайхаас эхэлнэ, өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Та санаж байгаа байх. Харамсалтай нь та тэгсэнгүй. Мөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаататартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна. Мөн улсын Ерөнхий аудитор яг ийм асуудлаас шалтгаалан ажлаасаа халагдсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа энэ сангийн зээлд нэр холбогдсон хүмүүсийг би ажлаас нь чөлөөлсөн.
Хуулийг харахаар Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой. Тайлбар нь, “Манай эхнэр авсан. Манай эхнэр жижиг, дунд үйлдвэрлэл аваад явдаг…” гэх байх. Тэрийгээ л шалгуулаад тодорхой болгочих гэсэн санааг хэлээд байгаа юм.
Урьд нь буюу намайг Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гийн зээл арилжааны банкаар дамжуулан олгогддог байсан. Банк өөрөө зээл гаргаж байгаа учраас зээлийн эрсдэлээ үүрдэг байсан юм. Энэ тогтолцоо хэзээнээс өөрчлөгдсөн гэхээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Засгийн газрын түр журам гараад ЖДҮХС-гийн зээлийг сайдын эрх мэдлийн хүрээнд гаргадаг болгосон. Ингээд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт хяналтгүйгээр зээл олгосон. Өнгөрсөн жил гэхэд л ЖДҮХС-гаас нийт 134 зээл олгосны 121 нь тодорхой нөлөөлөл орсон байдлаар олгосон болох нь тодорхой боллоо гэж Ерөнхий прокурор та УИХ-ын танхимд хэлсэн.
60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалтнууд эрх мэдэл нөлөөллөө ашиглан авсан хэргийг шалган шүүхэд аваачих нь та нарын үүрэг. Мөн эдгээр хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, албан хаагчдын асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн. Төрийн албыг арилжсан хэргийг эвлүүлэг болгосон албан тушаалтнууд нь одоо хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Мөн Б.Амгаланбаатарын асуудлыг оруулж ирэх хэрэгтэй.
Хууль тэгш үйлчлэхгүй, шударга ёс хэрэгждэггүйгээс ард иргэд бухимдалтай байна, иргэд шударга ёсыг шаардаж байна. Тэд эрх баригчдаас шударга ёс, хариуцлага нэхэж л жагсаж, цуглаж байгаагаас бус хоол, цалин нэхээгүй.
Хууль тогтоогчид нь маргалдаад буруу хараад сууцгаачихсан. Төрийн нэг чухал механизм гацчихсан. Би нөхцөл байдлыг үнэлж үзээд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хуулийн заалтыг аргагүйн эрхэнд санаачилсан. Хэлэлцэж эхэлсэн хэдий ч батлах эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл дараагийн албан тушаалтан, сайд хэн байх вэ гэдэг асуудлыг л ярьж байна.
Мөн дараагийн нэг чухал асуудал бол утаа. Бид олон жил утаатай тэмцэж байна гэх нэрээр олон зуун тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан. Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, гэхдээ огт үр дүнгүй ажлуудад зарцуулсан мөнгөний хариуцлагыг яагаад эргэж нэхэхгүй байгаа вэ. Зуух өөрөө, өөрийгөө оруулж ирээд, зараад, мөнгөө аваад явахгүй. Зуухны эзэн, зууханд зарцуулсан мөнгө нь тодорхой байгаа. УИХ-аар шийдвэр гаргасан хүмүүс нь ч гэсэн тодорхой байгаа. Үүнээс болж дэлхийн хамгийн бохирдолтой орон гэж дэлхий дахинаа зарлуулаад сууж байна.
Зарцуулсан мөнгийг нь харахаар утаагүй болчихоор хэмжээ харагддаг. Гэтэл олон зуун хүүхэд өвдөж, эндэж, өвчин нүүрлэсээр байна. Уг нь утаанаас салах илүү бодитой төсөл хөтөлбөрүүдийг УИХ 2010 онд батласан байдаг. Орон сууцжуулалт, ажилгүйдэл, хөдөөнөөс чиглэсэн нүүдэл гэсэн утааны үндсэн язгуурт болсон асуудлыг арилгах Дунд хугацааны төлөвлөлт гэх бичиг баримт 2010 онд УИХ баталсан. Харамсалтай нь хэрэгжүүлэхгүй байна. Тэрийг үл хэрэгсээд утаагүй зуух, утаагүй түлш, бүрээс гэх мэт хурдан зуур мөнгө цөлмөх төслүүдийг л зориудаар дэмжээд л яваад байна. Хөгжлийн төслүүдийг эрүү үүсгэн, зохион байгуулалттайгаар зогсоосон. Энд оролцсон прокурорууд ч гэсэн одоо энд сууж байгаа байх.
Хөгжлийн хөтөлбөрүүд гэдэгт маш олон төсөл багтана. Төмөр замыг гацаасан. Сайншандын аж үйлдвэр гэхэд эрүүгийн хэрэг үүсгээд гацаачихсан. Дотооддоо хүнсний ногоогоо боловсруулъя гэхээр бас л төсөл дээр нь ажиллаж байсан залуусыг нь шоронд аваачаад хийчихдэг. Хөдөөг хөгжүүлье, алслагдсан сумдыг хөгжүүлье гэхээр хоёрхон сумыг шинэчлээд бусдыг нь зогсоосон. Ийм жишиг тогтоод удаж байгаа. Үүнийг зохион байгуулалттайгаар үйлдэж байгаа нь нам дамнасан хэт цөөнхийн бүлэглэл буюу “МАНАН” гэж яригдаад байгаа энэ бүлэглэл юм.
Энэ бүлэглэл хөгжлийн хөтөлбөрүүдийг гацаагаад араас нь гүтгэлэг цуурхал тараадаг. Тэр хэрэгтээ хуулийнхныг ашигладаг гэдгээс шударга бусын хонгил гэх ойлголт үүссэн шүү.
Утаатай холбогдолтой асуудлыг би дахин баримтад түшиглэн баримтуудыг прокурорын байгууллагад хүлээлгэж өгнө. Энэ долоо хоногтоо багтаан өгнө. Олон зуун хүүхдийн эрүүл мэнд, олон зуун дутуу төрөлтийг юугаар ч нөхөж чадахгүй гэдгийг бид өөрсдөө мэдэж байгаа. Жилийн өмнө би энэ асуудлыг ярьж л байсан. Хордож байгаа, хохирч байгаа гэр бүл, хүүхдүүдийн өмнөөс утаагаар бизнес хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Ийм тодорхой хэрэг дээр арга хэмжээ авахгүй бол тодорхой бус хэргүүд цаашаа явахгүй.
Улс орныг хөсөрдүүлсэн, дэлхий дахинд Монгол Улсыг муу, муухай харагдуулсан улс орны хөгжлийг гацаасан тодорхой бүлэглэлүүдийг би нэр заан хэлэх гэж байгаа юм.
Дараагийн миний ярих зүйл бол Салхитын мөнгөний орд. Энэ ордыг томоохон ордуудын газрын зураг дээрээс хайгаад олохгүй. Яагаад гэвэл ямар нэг байдлаар тэмдэглээгүй орхисон байдаг. Гэтэл 1983 онд улсын төсвөөр хайгуул хийгээд одоогийн нөөц нь багадаа 500 сая ам.долларын үнэлгээтэй алт, мөнгөний орд гэж гарсан. 2014 оноос хойш хүдрийн баяжмалыг гадагш нь зөөсөн. Баяжмалыг хилийн цаана боловсруулж мөнгө гаргаад буцаагаад бидэнд зардаг. Өөртөө байгаа, өөрсдөө боловсруулж чадах мөнгийг монголын дархчууд дэлхийн зах зээлийн үнээр авч, мөнгөн аяга зэргээ хийдэг.
Би баримт авчирсан. Энэ бол Салхитын мөнгөний ордоос одоо гарч байгаа чулуу /чулууг үзүүлэв/. Энэ чулууг тойроод цагаан алт, мөнгө байгаа. Ерөнхий прокурор үүнийг хар. Энэ хүдэр маягаараа Монголоос гараад эргээд орж ирдэг. Бид нэмүү өртөг шингээж чадахгүй байна. Сайншандын боловсруулах үйлдвэрийг барьсан бол бид ядаж мөнгөн аяга хийх мөнгийг нь боловсруулж чадах байсан. Би арга ядсандаа ийм жишээ ярьж байна. Ерөнхийлөгчөөрөө та нар ийм юм яриулаад сууж байхаасаа ичиж, санаа зовох хэрэгтэй.
500 сая ам.долларын нөөцийг 1983 онд олоод тогтоочихсон. Харин энэ ордод хяналтаа тогтоочихсон байсан гаднын хөрөнгө оруулагчид нэртэй хүмүүс нь юун азаар хоорондоо маргалдаж энэ хэрэг цагдаад очсон юм! Нөөц ашиглалтын татвар 5 хувийг улсад огт төлдөггүй, баяжмалынхаа агуулгыг дарж мэдүүлэх замаар татвараас үлэмж хэмжээгээр зайлсхийсэн. Гаалийн мэдээ, татварын мэдээ хоёр нь зөрсөн учраас энэ хэрэг анзаарагдах болсон. Уурхайн гэрээт харуул хамгаалалтын компани нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Газрын дарга Цогжавхлан гэгчийн хүүгийн өмчлөлд байдаг байна. Хөрөнгө оруулагчдынх нь зүгээс Салхитын ордын баяжмалын агуулгыг дарагдуулах, татвараас зайлсхийх, хууль цагдаагийн ажилтнуудыг талдаа татан авлига өгөх замаар өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах гэх мэт хэргийг зохион байгуулагч, дэмжигч нь цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байжээ. Энэ бол төрийн ялзралыг харуулсан маш ноцтой хэргийн дөнгөж эхлэл! Үүнтэй холбоотой прокурорууд ч байгаа. Мөрдөн байцаалтын шатандаа яваа учраас би зарлаж хэлмээргүй байна.
Уул уурхай тойрсон иймэрхүү хэрэг, зөрчил маш их гарч байгаа. Та нарын нүдэн дээр, хамар доор чинь хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байна. Төр авах ёстой татвараа заавал авах ёстой. Аж ахуй эрхлэгчид татвараа шударгаар төлөх нь эн тэргүүний үүрэг. Прокурор хуулийн хэрэгжилтийг хангаж, шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж байна уу?
Маш тодорхой хэлье, хуулиар хүлээсэн ажлаа шударга хий, үүргээ гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хүсмээр байна. Мэргэжлийн ур чадвартай ажиллаж, бүлэглэлийн төлөө бус шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах ёстой. Шударга ёсыг өнөөдрөөс, энэ танхимаас эхлүүл. Та нар хууль зөрчсөн нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй бол та нарт итгэх итгэл ард түмний дунд алдарсаар байх болно.
Миний дээр дурдсан хэргүүд бол шинэ хэрэг биш шүү дээ. Даамжраад, давраад савнаасаа халиад хуулийг ноцтойгоор гажуудуулсан хойно нь мэдэж, оройтсон ч гэсэн арга хэмжээ авч хууль сахиулж байгаа. Уг нь иймэрхүү хэргийн илрэл, шинж дохио гармагц та нар анхаарч, таслан зогсоож байх үүрэгтэй. Шударга ёс хаана байна, хууль хаана хэрэгжиж байна гэж бусдаас асуухын өмнө өөрсдөө асуумаар байна.
Эрхэм прокуроруудаа,
Та бүхнийг нийгэмд шударга ёсыг тогтоох, нийгэм, ард иргэдийн бухимдлыг төрүүлж буй авлига, шудрага бус явдал, нийгмийн баялгийн хууль бус ашиглалттай тэмцэх ажлаа эрчимжүүлж, хууль ёсыг хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаад энэ удаагийн үгээ дуусгая” гээд албан ёсны яриаг дуусгалаа.