Монгол, Аргентины Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт Буэнос Айрес хотноо болов.
Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайд Даниель Раймонди нар тэргүүлэв.
Талууд Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, юуны өмнө хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, өвлийн улиралд малыг шим тэжээлээр тогтвортой хангах, шүлхийн тархалтыг хянах чиглэлээр хоёр төсөл эхлүүлэхээр болов. Аргентин нь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сайжруулах, малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн мах экспортлох зэрэг чиглэлээр арвин туршлагатай бөгөөд малын гоц халдварт өвчнийг бүрэн устгаж чадсан орон юм. Тус улс нь энэ чиглэлээр гадаадын орнуудад 200 орчим төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Мөн испани хэлний мэргэжилтэн бэлтгэх, хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутнуудыг сургахад бэлэн байгаагаа Испанийн тал илэрхийлэв.
Спортын салбарт хөлбөмбөг, жүдо зэрэг төрлөөр дасгалжуулагч солилцох, хамтран ажиллах нөөц бололцоо байгааг талууд санал нэгтэйгээр тэмдэглэж, холбогдох байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоохоор болов.
Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаар болов. Манай хоёр улсын иргэд 2017 оноос эхлэн харилцан визгүй зорчдог болсон нь энэ төрлийн хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болж байгаа билээ. Манай тал энэ оны 7 дугаар сард Латин Америкийн зарим орноос сэтгүүлчид урьж, улс оронтойгоо танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, аргентины талыг 2-3 сэтгүүлч илгээж оролцуулахыг хүсэв.
Хоёр тал НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК) зэрэг олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэд сайд Даниель Раймонди нар “Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.