Хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн нэгэн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ хийж, дэмжлээ. Уг төсөл энэ долоо хоногт эцэслэн батлагдах нь бараг тодорхой болсон юм даг уу. Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьж, хууль тогтоогчид нь хэлэлцэн дэмжсэн төслийн хөл, толгой нь солигдсоныг би ч хэлж байгаа юм биш, УИХ-ын гишүүд өөрсдөө, тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ийн тодорхойлсон байна билээ.
Ерөнхийлөгч М.Энхболдыг огцруулах эрх зүйн орчин бий болгохын тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэтэл Хууль, тогтоомжийн тухай хуульд заасан олон давааг, тэр дундаа олон нийтээр хэлэлцүүлж, сарын хугацаанд санал авах гэх мэтийн шалгуурыг давахгүй болчихоод, Тамгын газрынхан нь хуулийн цоорхойг сурмаг ашигласан нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагалдуулан өргөн барьсан явдал байв. Ингэснээрээ тэд органик хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа шаардлагатай тохиолдолд процессын хуулиа дагалдуулан өөрчилдөг ажлын дараалал, тогтсон жишгийг эвдсэн юм.
Хууль, тогтоомжийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт хууль, тогтоомжийн төсөл боловсруулахад хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, хэрэгжилтийнхяналт, шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх гэх мэтийн олон аргачлалыг мөрдөхөөр заасан. Харин тус хуулийн 12.2.22-т УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй байхаар тусгасныг ийнхүү ашигласан хэрэг.
Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхны энэ алхам ахмад туршлагатай хууль тогтоогчдыг сэм зөвлөж, хуулийн процедур зөв явж байна уу хэмээн бие биенээсээ асуухад хүргэсэн гэлцэнэ. Тэгээд нэг нь “Толгой нь доошоо, хөл нь дээшээ харсан хууль оруулж ирлээ. Гэвч толгойгоо доош нь харуулж явж болохгүй гэсэн хууль байхгүй хойно” гэж, нөгөө нь
“Энэ хуулиар маш буруу жишиг тогтоно. УИХ-ын дарга гишүүдийн нэг хэсэгт нь таалагдахгүй бол гарын үсэг цуглуулаад огцруулдаг болох нь. Дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраа 2-3 сольдог байснаа одоо УИХ-ын даргаа олон сольдог байдал руу орох гэж байна. Энэ нь төрийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ”
гэцгээгээд тарсан байх юм.
Ийм л нэг хууль УИХ-аар батлагдах өдрөө хүлээж байна. Яаж ч булзааруулах аргагүй, аль ч талаас нь харсан, энэ бол М.Энхболдыг огцруулж, УИХ-ын даргын албан тушаалыг нь авах гэж л нэгэнт тогтсон дэг жаяг, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчин байж өргөн барьсан, тодорхой ганц хүн, тухайлсан үйл явдалд зориулсан хууль билээ. Үүнийг өргөн барьсан, хэлэлцэн дэмжсэн улстөрчдийн хэн нь ч нуугаагүй, нуух ч аргагүй юм. Нийтээрээ мэдэж байгаа ч ийм л байх ёстой мэтээр хүлээж авах нь харин зөв үү.
Манай хууль санаачлагчид хэн нэгний эрх ашгийг хамгаалсан, өөрсдөдөө зориулсан, захиалгын гэмээр, тодорхой зорилготой төсөл өргөн барьдаг, түүнийг нь УИХ хэлэлцэн баталдаг явдал өмнө нь огт байгаагүй биш л дээ. Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд гадаадад байсан хоногийг нь хуруу даран тоолж байгаад хуулийн заалт өөрчилсөн, Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагч, төлөвлөгөө нураах тооцоолоогүй тоглогч оруулахгүй байх далд санаагаар УИХ-д суудалтай нам, эвсэл нэр дэвшүүлэхээр зохицуулалт хийсэн гээд тоочвол иймэрхүү жишээ захаас аван, замаар нэг бий.
Тэр ч бүү хэл, Үндсэн хуулиа өөрсдийнхөө таалалд таацуулаад засчихсан “луухгар”-ууд шүү дээ. Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэд 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн томьёолоод, “УИХ бол хуучин АИХ шиг жилдээ нэг хуралддаг, малчин, ажилчнаас бүрдсэн байгууллага биш (Байнгын ажиллагаатай). Хуулийг дээдэлж, улсаа жолоодно гэсэн 76 хүнийг сонгож, цалин өгөн ажиллуулж байна. Гэтэл тэд жилдээ 150, нэг чуулганы хугацаанд 75-аас доошгүй өдөр хуралдана гэж Үндсэн хуульд заасныг өөрчилж, “Ажил хүнд байна. Толгой өвдлөө” гэсэн шалтгаар 30 хувийг нь хасчихсан. Тэгээд нэг удаадаа 50 хоног чуулдаг болгосон” хэмээсэн нь сонины шарласан хуудсанд үлдсэн байна. Мөн тэрбээр
“Гурван гишүүн тухайн үед ард түмний захиалга гэсэн нэрээр төсөл оруулж ирсэн. Сонинд нэг нийтлэл гаргаад, хэдэн эрдэмтнээр гарыг үсэг зуруулсан юм билээ. Энэ бол Цагаан ордны захиалгаар хийсэн зүйл. Гэтэл үүнийгээ ард түмний захиалга байсан гэдэг...
Энэ үеэр Үндсэн хуульд байсан зарим өгүүлбэр алга болсон” гэсэн байх юм.
Манай хууль тогтоогчид иймэрхүү өөрчлөлтийг сэм сэмхэн хийчихдэг ч бас чиг ичиж, эмээх мэдрэмжтэй байжээ. Ядаж л “Н.Энхбаярт зориулж хууль батлаагүй” хэмээн мэлзэж, “Үндсэн хуульд ийм л өөрчлөлт оруулахгүй болохоо байгаад байсан юм” гэж гоёчлоод, зөв зүйл хийснээ батлах гэж оролддог байв. Харин энэ удаа бүр улаан, цагаандаа гарлаа.
УИХ-ын гишүүн “Хуулиа баталж, М.Энхболд гэдэг хүнээ огцруулчихаад, хуулиа хүчингүй болгочихоосой. Нэг хүнд зориулсан хууль тэр хүнээ огцруулах үүргээ биелүүлсэн гэж үзээд хүчингүй болгох хэрэгтэй” гэчихсэн сууна гээд бод л доо. Өмнөх тохиолдлууд нэг хүнд зориулах, нэг үйл явдалд чиглэх гэж “гурилдсан” байгаа биз. Угтаа хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай. Хэсэг хүнд, тэр тусмаа хэн нэгэнд зориулсан хууль байх учиргүй. Гэтэл Монголын улс төрд ийм гажиг үүсэж, хөгжиж, улам балмад, яахаас ч буцахгүй болсоор байна.
Хууль бол юу хийж болох, үгүйн хил заагийг тогтоосон хэм хэмжээ. Үүнд хэн нэгний ашиг сонирхол бага байх тусам шударга ёс хэмээх хэмжүүр рүү дөхнө. Харин эсрэгээрээ бол аймшиг, дарангуйлал руу явж буй нь тэр биз. Ялангуяа улстөрчид өөрийнхөө хийж буй, тогтсон хэм хэмжээнээс гадуурх үйлдлийг хууль ёсны мэт харагдуулахын тулд эрх зүйн баримт бичиг батлаад, тодорхой зорилгоо гүйцэлдүүлэхэд хууль тогтоох эрх мэдлээ ашиглаад байх нь яавч сайн зүйл биш.
Өчигдөр Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд хууль баталж байсан. Түүнд 15 толгойтой атгаалжин хар мангас, авлигын загалмайлсан эцгийн дүр оноогоод, аль нь үнэн, аль нь худлыг ялгах аргагүй, нийтийн анхаарлыг татсан онц сонирхолтой, үнэмшилтэй жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан учир Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хасахад нийгэм ингэх л ёстой мэт хүлээж авсан. Өдгөө М.Энхболд дээр энэ нь давтагдаж байна. Төр тогтвортой, дархлаатай байх ёстой гэсэн харьцангуй эрүүл үзэл бодолтой, эрх ашгийн зөрчилгүй хүмүүс тал талаас нь судалж, бодож байж боловсруулан хуулийг эрх ашгаараа хуваагдаж, албан тушаалын төлөө улайрсан хэсэг бүлэг өөрчилж, УИХ-ын даргыг огцруулах юм байх. М.Энхболдыг одоо нийгмийн хамгийн аюултай дайснаар нэрлэж, түүнийг л зайлуулбал Монгол Улс хөгжлийн замдаа шуудрах мэтээр ярьцгааж байна. Цагтаа, Н.Энхбаярыг намнахдаа ч ингэж л ярьж байсан билээ. Одоо тэр хэн ч биш болсон. Харин нийгэмд юу өөрчлөгдсөн бэ. Эцсийн эцэст, тэр бүхэн бүлэглэл хоорондын дайн, хоолоо булаацалдсан тэмцэл, нэг бүлэглэл нөгөөгөөр солигдсон үйл явц л байсан нь цагийн шалгуураар тодорлоо. Өөр юу ч өөрчлөгдөөгүй. Өмнөх түүхийг хуулсан мэт давтаж буй өнөөгийн үйл явдал ч түүнээс өөрцгүй байх вий.
Хэн нэгний хүсэж, зорьж буй зүйлийг хуулиар хаасан, хазаарласан, саад тээг тавьсан бол тэр хүсэл нь хууль бус байж таарна. Түүнийг хүчээр хийвэл хууль зөрчиж, гэмт хэрэгтэн болно. Энэ бол тогтсон ойлголт, захирагдах ёстой хэм хэмжээ. Гэтэл улстөрчид хүссэн алхам нь хууль бус байвал хууль баталж байгаад үргэлжлүүлдэг явдлыг цаашид хүлээн зөвшөөрч, алга ташиж дэмжсээр байх уу. Маргааш миний ээлж ирэх юм биш биз гэж бодоод үзээрэй.
Энэ бол УИХ-ын даргыг өмгөөлсөн бичвэр биш. Хууль тогтоох байгууллага, хууль тогтоогчдоос хэм хэмжээ, тэг гортиг дотроо амьдрахыг шаардах цаг нь болсныг, тэд улам л аймшигтай болж байгааг анхааруулж буй юм. Нийгэмд гарч ирсэн шинэ харилцааг зохицуулах, нэгэнт тогтсон хэм хэмжээг илүү сайжруулах ажлыг хийхээр иргэдийг төлөөлж буй хүмүүс хувийн хүсэл зорилгоо гүйцээхэд хууль тогтоох эрх мэдлийг ашиглах нь зөвшөөрч болох зүйл мөн үү. Хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол, тавьсан саад, хаалтыг нь эвдэж хаяад, хэн хүчтэй, эрх мэдэлтэй нь өөрийнхөө таалалд нийцүүлэн өөрчлөөд, хүссэнээ хийсээр байх юм бол хууль ёс гэж ярих ч хэрэггүй болно. Эрх зүйт төр тэгээд дуусгавар болно.