УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо.
Тамга гардуулах үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,
-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдсон. Сангийн сайдаар гурван удаа ажилласан. Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна гэж хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллана гэлээ.
Сайд Ч.Улаан дэд сайд Ж.Сауле болон газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч байр сууриа илэрхийллээ.