Хятадын эрх баригчид Канадын хоёр иргэнийг хуульбусаар саатуулснаар олон улсын дипломат халдашгүй эрхийн зарчмыг зөрчиж байгаа талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагдаа хэлжээ. Өнгөрсөн оны арванхоёдугаар сард Ванкувер хотод Хятадын “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг саатуeлснаас хойш хоёр улсын харилцаанд нэлээдгүй сэв суугаад байгаа ажээ. Хатагтай Мэнд тэр даруй шүүх хуралдаанд оролцох боломж олгож, барьцаагаар сулласан бөгөөд одоо тэрбээр Ванкувер дэх өөрийн гэрт амьдарч байгаа нь манай хууль шүүхийн шударга тогтолцоог гэрчилж байгаа бол Хятадын тал манай хоёр иргэнийг хууль бусаар саатуулаад зогсохгүй нэг тохиолдолд нь олон улсын дипломат халдашгүй эрхийг үл хүндэтгэсэн хандлага гаргалаа” гэж Жастин Трюдогийн үгийг СВС телевизийн суваг иш татжээ.
Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг Ванкувер хотод саатуулсны дараа Бээжинд Канадын дипломат ажилтан асан Майкл Ковригийг баривчилсан аж. Хэдий Майкл Ковриг нь “Олон улсын хямралын бүлэг” хувийн байгууллагад алба хааж байгаа ч урьдын адил дипломат ажилтан хэвээр тооцогдож байгаа тухай Канадын Гадаад хэргийн яам онцолсон байна. Мөн түүний дараахан хятадын Даньдун хотод Канадын Майкл Спэйвор гэдэг өөр нэгэн иргэнийг саатуулжээ. Тэрээр БНХАУ руу аялал жуулчлал зохион байгуулахаас гадна тус улсад хоккейн төрөл бүрийн тэмцээнүүд явуулдаг “Paektu Cultural Exchange” гэдэг төрийн бус байгууллагын тэргүүн аж. Канадын эдгээр иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулах үйлдэлд буруутгаж байгаа аж.