УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг бойкотолж, ирц бүрдэхгүй байсаар сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд чуулганы хуралдаан нийт есөн удаа хойшилсон. Харин өнөө өглөө буюу 02.00 цагийн орчимд чуулган хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч Б.Ундармаа гишүүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг зургаан цагийн завсарлага авсан. Харин өнөөдөр 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв.
Гэтэл гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар УИХ-ын дарга М.Энхболд 15.00 цаг хүртэл дахин хойшлуулах шийдвэр гаргалаа.