УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.
"Би нэг баримт дэлгэх гэсэн юм аа. Хугацаа шаардсан ажил байлаа. Сургаар мэдээлэл хийж болохгүй, нотлох баримттай байх хэрэгтэй байсан. Онгоцны шинэ буудал гэж томоохон төсөл сүүлийн арваад жил хэрэгжиж байгаа. Японы хөнгөлөлттэй зээлээр 5,3 сая иен буюу 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон байгаа. Японы тал энэ байгууламжийг ашиглах, менежментийг нь хийх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл үүнийг Концессийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийж, шаардлага хангасан компанитай гэрээлэх ёстой байтал “Сод Монгол” компанитай шууд гэрээлэх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүнийг зохих хууль тогтоомжийн дагуу санал боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ үү гэсэн саналыг Зам тээвэр хөгжлийн яамнаас Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн байдаг юм байна лээ.
Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгаруулалтаар хуулийн дагуу явуулах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлээд тогтоолын төслийг боловсруулаад явуулсан байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын алба мөн хууль тогтоомжийг үндэслэл болгоод уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг зохих албан тушаалтны цохолттойгоор Засгийн Газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ бол маш ноцтой асуудал. Үүний дараахан У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан. Энэ мэдээлэл долдугаар сарын 23 буюу Засгийн газрын тогтоол шийдвэр гарснаас 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Анандбазар тэр үед гадагшаа зугтаасан. Одоо ирсэн байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулна. Нотлох баримтууд нь бүгд байгаа" гэсэн юм.