Монгол, Солонгосын политехникийн коллежийн инженерийн байгууламжийн технологийн техникчийн төгсөх ангийн оюутан Э.Уужимсэтгэлттэй ярилцлаа. Тэрбээр оны босгон дээр Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу ажилчин” шагналын эзэн болсон билээ.
-Юуны өмнө Танд “Шилдэг залуу ажилчин” болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, туршлагагүй хүүхэд “Шилдэг залуу ажилчин” шагнал авлаа гэж шүүмжлэх мэр сэр хүн байгаа бололтой. Ер нь шагналыг ямар шалгуураар өгсөн юм бол?
-Жилийн өмнө үндэсний ялагч тодруулах ур чадварын тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт шалгарсан. Үүний дараа “Оюутолгой” компанид нэг жил ажиллаж, дадлагажих боломж олдсон. Тус компанид нэг сар бэлтгэл хийгээд Бээжинд болсон олон улсын ур чадварын тэмцээнд оролцлоо. Монголоос 18 хүүхэд явснаас би цахилгаан гагнуурын төрөлд хоёрдугаар байр эзэлсэн. Тэмцээнд оролцсон хүүхдүүдээс насаар хамгийн бага нь би байлаа. Ирээд “Оюутолгой”-д үргэлжлүүлэн ажиллаж байгаад ХНХЯ-ныхны дэмжлэгээр БНСУ руу явсан. Тэнд нэг сар дадлагажихдаа сонирхогчдын ур чадварын тэмцээнд оролцсон юм. Тэмцээний үеэр 20 цагийн турш тасралтгүй гагнуур хийсэн л дээ. Дараа нь ОХУ-д болсон олон улсын ур чадварын тэмцээнд өрсөлдсөн. “Оюутолгой” компанид ажиллахын зэрэгцээ олон улсын тэмцээнүүдэд гагнуурын төрлөөр оролцож, 2018 онд толгой өндийх завгүй хөдөлмөрлөсөн. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон учраас энэ шагналыг өгсөн болов уу. Тэмцээнд оролцох бүрт олон улсын гэрчилгээ өгсөн. Намайг энэ шалгуурт тэнцэнэ гэж үзээд сургуулиас шагналд тодорхойлсон юм билээ.
-Оюутан хэрнээ дэлхийн хэмжээний компанид ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулжээ. “Оюутолгой”-д үргэлжлүүлэн ажиллах уу?
-Монгол, Солонгосын политехникийн коллежийн гагнуурын ангийг жилийн өмнө тавдугаар зэрэгтэй төгссөн. Үргэлжлүүлэн инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжлээр суралцаад төгсөх гэж байна. Сургуульдаа үлдэж, ирэх намраас багшлах болсон.
-Яагаад багшлах болов. Мэргэжлээрээ ажиллах санал цөөнгүй ирсэн гэж дуулсан?
-Энэ шийдвэрийг сонсоод гайхах хүн цөөнгүй байсан. “Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож, багагүй туршлага хуримтлуулчихаад мэргэжлээрээ ажилласангүй” гэж зэмлэх, зөвлөх хүн олон. Гагнуурын ангийн төгсөгчид, ялангуяа манай сургуулийн шилдгүүд өндөр цалинтай ажилд орох боломжтой. Гэхдээ ур чадварын тэмцээнд оролцож нэг, хоёрдугаар байр эзэлсэн хэдхэн хүүхэд л илүү мэргэшиж, гадаадад суралцдаг. Энэ олон тэмцээнд оролцоод би Монголын гагнуурчдын түвшин олон улсын зэрэгт төдийлөн хүрэхгүйг мэдэрсэн. Гагнуур одоо л хөгжиж эхэлж байна. Тиймээс олон улсын тэмцээн болон “Оюутолгой”-д ажилласан туршлагадаа үндэслэж олж авсан мэдлэгээ олон хүүхдэд түгээхийг хүссэн. Ингэснээрээ өөр олон хүүхдийн ур чадвар сайжирна гэж итгэж байна. “Оюутолгой” болон “Хасу мегаватт” компаниас ажлын санал ирсэн.
...Хүүхдүүд сургуулиа орхих тохиолдол бий. Тэдэнд зүгээр нэг гагнуур заах биш, сонирхлыг нь өдөөж амжилт гаргахад нь нөлөөлөхийг хүсэж байна. Мэргэжилдээ дуртай, бүтээлч хүүхдүүд “үйлдвэрлэнэ” гэж боддог. Үүний дараа өөрийн гэсэн үйлдвэр нээхээр төлөвлөсөн. Үйлдвэртээ гагнуурыг урлаг талаас нь хөгжүүлэх болно...
-Тухайлбал, бид юугаар дутмаг байна вэ?
-Монгол үйлдвэрлэгч орон биш учраас материал, бэлдэц, сорьц дутмаг. Бүгдийг нь импортолдог тул нэлээд үнэтэй тусдаг. Олон улсын тэмцээний үеэр хамгийн багадаа таван цагийн турш таван сорьц гагнадаг. Хоолой, хавтан төмөр, булан холбох гагнуур хийдэг. Бүтээлийг шууд үнэлж, дотор, гаднах оёдлыг нь маш нарийн шалгадаг. Ганц мм зөрүү гарахад л оноог тэглэдэг. Дараа нь өндөр даралтат сав гагнана. Гагнасны дараа ганц ч нүх сүвгүй, ус шүүрэхгүй байх ёстой. Үзэмж бас чухал. Бүх оёдлыг хэмжсэний дараа даралттай усаар дүүргэж шалгадаг. Зарим тэмцээний даалгавар 20 цаг үргэлжилдэг. Дэлхийн ур чадварын тэмцээн 18 цагийн хугацаатай. Солонгост болсон сонирхогчдын ур чадварын тэмцээнд өрсөлдөхдөө өдөр бүр 20 цаг гагнуур хийсэн. Надад хурд, хүч нэлээд дутсан. Тэгэхээр хүүхдүүдийг сургуульд суралцах хугацаанд нь энэ бүгдийг заах хэрэгтэй. Түүнээс тэмцээнд очоод энэ бүгдийг мэдэх ёсгүй.
-Олон улсын тэмцээнд оролцохдоо ямар туршлага хуримтлуулав?
-БНСУ, БНХАУ, Японд гагнуур өндөр хөгжжээ. ОХУ-д болсон тэмцээнд 18-28 насныхан оролцдог. Тэднийг сансрын станц, цөмийн судалгааны үйлдвэр, хүнд металлын цех зэрэг том газарт дадлагажуулдаг юм билээ. Би БНСУ-д болсон тэмцээнээс илүү олон зүйл сурсан. Солонгос оюутнууд 08.00-17.00 цагт гагнуур хийнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа ч чанд сахина. Илгэн материалтай зузаан хувцас өмсөж ажилладаг юм билээ. Хамгийн гоё нь тэр хувцас дотроо сэнстэй. Зуны халуунд яая даа гэхгүй. Монголд тийм хувцас байдаг ч сэнсгүй. Мөн тэмцээнд оролцох хүүхдүүд жилийн турш өдөр бүр 13 цаг бэлтгэл хийдэг. Солонгос багш нар хүүхдүүдээ нэг ч өдөр амраахгүй, бэлтгэдэг. Тийм учраас тэд яг робот шиг ямар ч өө сэвгүй гагнаж чаддаг. Солонгост очсон эхний өдөр багш нар намайг голж, “Энэ хүүхэд анхлан суралцагчаас дор юм” гэсэн. Шар гозойгоод, дотроо шатсан. Суурь мэдлэгтэй учраас чадварлаг багш нарыг дагаж, уйгагүй дадлага хийж, чадахгүй байсан зүйлээ хурдан сурсан. Солонгос багш нар “Шавь нартаа хэвтээ оёдлыг сургах гэж 2-3 сар заадаг. Төрөл төрлөөр нь тодорхой хугацаатай хичээллэдэг. Гэтэл энэ хүүхэд сарын дотор бүгдийг сурчихлаа. Мундаг чадвартай ажилчин болох нь” гэж гайхаж байсан. Тэгээд шавь нартаа сэтгэл гаргаж хичээх хэрэгтэй гэж хэлсэн. Тэндхийн багш нар шавиа байнга хурцалж, алдах ёсгүй гэдэг. Ганц алдаа гаргахад нь хатуу шийтгэдэг юм билээ.
-Ийм амжилт гаргахад тань хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-2.5 жил гагнуураар суралцсан. Эхний хоёр жил мэргэжилдээ тийм ч их дурлаагүй. Төгсөхдөө “ДЦС-4”-ийн гагнуурын сургалтын лабораторид дадлагажсан. Дадлагын багш Баттулга намайг “Заасан зүйлийг хурдан сурдаг. Мэдэгдэхүйц ахиц гарч байна” гэж урамшуулсан. Бас ур чадварын тэмцээнд оролц гэж зөвлөөд миний өмнөөс бүртгүүлж, бэлтгэхэд тусалсан. Ер нь “ДЦС-4”-ийн гагнуурчид бүгд надад тусалж, ирлэж, зөвлөсөн. Намайг олж харж, чадварыг минь нээж өгсөн багшдаа баярладаг. Миний амжилтын хөтөч нь инженер Баттулга багш байсан. Харин энэ мэргэжлийг сонгоход аав нөлөөлж “Гагнуурчин болоорой” гэж хэлсэн.
-Монгол Улсын шилдэг залуу ажилчны хувьд ирээдүйд ямар нэг том бүтээн байгуулалт хийх сэн гэж хүсэж байна уу?
-2-3 жил багшлах төлөвлөгөөтэй. Хүүхдүүд сургуулиа орхих тохиолдол бий. Тэдэнд зүгээр нэг гагнуур заах биш, сонирхлыг нь өдөөж амжилт гаргахад нь нөлөөлөхийг хүсэж байна. Мэргэжилдээ дуртай, бүтээлч хүүхдүүд “үйлдвэрлэнэ” гэж боддог. Үүний дараа өөрийн гэсэн үйлдвэр нээхээр төлөвлөсөн. Үйлдвэртээ гагнуурыг урлаг талаас нь хөгжүүлэх болно.
-Шагналынхаа мөнгийг юунд зарцуулах вэ?
-Өөрийн гэсэн гагнуурын аппарат авна. Хичээлээ заахад хэрэгтэй, шаардлагатай чанартай багаж авна гэж бодож байгаа. Сургууль төсвийн байгууллага учраас багаж дутагдалтай. Тэмцээнд орохдоо багш нараасаа, бусад гагнуурчнаас багаж хэрэгсэл гуйж авдаг.
-Нэр тань их содон юм?
-Монголд ганцхан байдаг нэр. Би таван эгч, нэг ахтай. Миний дээрх эгчийг Э.Сайхансэтгэлт гэдэг. Эгчийн нэртэй ижилсүүлж, намайг Э.Уужимсэтгэлт гэсэн байх. Хүний нэр эзнийхээ хувь тавилан, заяаг тэгшитгэдэг гэж итгэдэг. Аливаад уужуу тайван, нухацтай ханддаг байгаасай гэж өгсөн болов уу. Гэхдээ аав минь “Чи багадаа их уйлдаг, ууртай байсан. Уурыг чинь дарах дом болгоод Уужимсэтгэлт гэж нэрлэсэн шүү. Нэрээ бодоорой” гэж надаар тоглож хэлдэг юм.
-Эмэгтэй хүнд гагнуур хэцүү мэргэжил шиг санагддаг. Хөдөлмөр хамгааллаа сайн мөрддөг биз дээ?
-Анх аюулгүй байдлаа хангахгүй, тоодоггүй байв. Гайгүй биз гэж бодоод баггүйгээр гагнуур хийж байгаад нүүрээ түлсэн. Дасаагүй болоод тэр үү байсхийгээд нүд өвдчихдөг байсан. Сонгино арилгаад хийчихсэн мэт улаан нүдтэй явдаг байлаа. Тааз гагнахад дээрээс цог хаях эрсдэлтэй. Гар, хуруу түлэгдэнэ. Энэ утгаараа гагнуурчны мэргэжил хүнд. Гэхдээ мэргэжилдээ дуртай, хайртай байхад энэ бүхэн бэрхшээл биш. Одоо аюулгүй байдлаа сайн хангаж ажилладаг болсон.